[НЭГ МИНУТ-НЭГ СТАНДАРТ]
АДАЛ ЯВДАЛТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ҮНДЭСНИЙ СТАНДАРТААР БАТАЛЛАА.
Дэлхий даяар адал явдалт аялал сонирхогчдын тоо жилээс жилд тасралтгүй өсөж байгаатай зэрэгцэн тэдний аюулгүй байдалд анхаарах шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.
Адал явдалт аялал гэдэгт байгалийн болон хүний гараар бүтээгдсэн орчинд хийж болох эрсдэл дагуулсан, оролцогчоос эр зориг, авхаалж самбаа шаарддаг үйл ажиллагааг багтааж болно.
Монгол орны аялал жуулчлалын байгууллагууд олон төрлийн адал явдалт аяллыг баримтлах стандарт, аюулгүйн зааварчилгаагүйгээр өдий хүртэл хийсээр ирсэн нь эрсдэл дагуулсан хэвээр байна.
Иймээс адал явдалт аяллыг төлөвлөх, аюулгүй гүйцэтгэх, зочдыг зохих мэдээллээр хангаж олон улсын стандарт шаардлагад нийцүүлэхийн тулд адал явдалт аялал жуулчлалын багц стандарт болох:
- MNS ISO 21101:2022 “Адал явдалт аялал жуулчлал – Аюулгүй байдлын менежментийн тогтолцоо – Шаардлага”,
- MNS ISO 21102:2022 “Адал явдалт аялал жуулчлал – Удирдагчид, Боловсон хүчний чадамж”,
- MNS ISO 21103:2022 “Адал явдалт аялал жуулчлал Оролцогчдод өгөх мэдээлэл”–ыг үндэсний стандартаар батлаад байна.