Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороо, Бүгд Найрамдах Монгол Ард улсын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор аймаг, хот, районы гүйцэтгэх захиргаадад бүтээгдэхүүний чанарын асуудал эрхэлсэн орон тооны бус хэлтэс байгуулагдсан бөгөөд 2016 онд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон үйл ажиллагаагаа явуулж байна.
СХЗХэлтэс нь үйл ажиллагаандаа Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжилзүйн тухай тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 291-р тогтоол, Засгийн газрын 2002 оны 146-р тогтоол, Засгийн газрын 2008 оны 265-р тогтоол, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд стандартчилал, чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэйгээр гүйцэтгэн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба, Хэмжилзүйн алба, Мэдээлэл лавлагааны салбар сан, Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори гэсэн бүтэцтэй, 22 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Үндсэн үйл ажиллагаа, зорилго:
Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь говийн бүсийн эдийн засаг, нийгмийн амьдралд стандартчилал, хэмжил зүй, баталгаажуулалт, чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, хүн амын эрүүл мэнд хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Тэргүүлэх чиглэл
- Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх;
- Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэмжлийн нэгдмэл байдлыг хангах бодлогоор дэмжих, Монгол Улсын хэмжлийн тогтолцоо, хэмжлийн нэгжийн үндэсний эталон, хууль эрхийн хэмжил зүйн техникийн чадавхыг нэмэгдүүлж олон улсын түвшинд хүргэх;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний болон Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
- Сорьцын хяналтын баталгааг олон улсын түвшинд хүргэх, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах;
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, стандартчилал, тохирлын үнэлгээний баримт бичгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, үндэсний стандартыг олон улсын стандартын түвшинд хүргэж нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд стандартчиллын бодлогоор дэмжлэг, туслалцаа үзүүлэх, олон улс, бүс нутаг, 2 талын стандартчиллын хамтын ажиллагааг хөгжүүлэх, стандартчиллын техникийн хороод болон дэд хороодын үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тохирлын үнэлгээний бодлогыг тодорхойлох;
- Хэмжил зүйн тухай хууль, эрх зүйн орчинг олон улсын жишиг, улс орны нийгэм эдийн засгийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох санал боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, хэмжлийн эталоныг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын болон хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх ажилтны чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг хөтлөх, улсын эталон, стандартчилсан загварыг бий болгох, зохион бүтээх, хадгалах, харьцуулан дүйлгэж баталгаажуулах, хэмжил зүйн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил, туршилт хийх, улсын эталоны нэгж дамжуулалтыг олон улсад болон үндэсний хэмжээнд хангах, өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх, хэмжил, шалгалт тохируулгын чадавхыг Жин, хэмжүүрийн олон улсын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, хэмжих хэрэгслийн загварын туршилт хийх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулах, боловсронгуй болгох, хэмжлийн нэгжийн эталоны ашиглалт, хөтлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг эталоны нэгдсэн лаборатори, секторын тогтолцоонд үндэслэн хийх, хэмжил зүйн олон улсын байгууллага, хэлэлцээрт нэгдэн орох, тэдгээртэй хамтран ажиллах чиг үүрэг хэрэгжүүлэх;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг үндэсний болон олон улсын хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, аюулгүйн тэмдэг хэрэглэх бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ явуулж, гэрчилгээжүүлэх, Олон Улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн байгууллагад тохирлын үнэлгээ явуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын талаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, Баталгаажуулалтын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар тэдэнд зөв сонголт хийх, өөрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
- Үнэт металл, эрдэнийн чулууны үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн акт, сорьцын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд химийн шинжилгээ хийж үнэт металлын сорьцыг тогтоон улсын сорьцын баталгааны тэмдэг дарах, эрдэнийн чулууг таньж гэрчилгээ олгох, сорьцын баталгааны тэмдгийн хяналт шалгалтыг хийж сорьцтой холбоотой маргааныг таслан шийдвэрлэх, шинжилгээ хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт металлыг хайлж гулдмайлах, сорьцын лабораторийн чадавхыг дээшлүүлэх;
- Олон улсын гэрээ хэлэлцээр, олон улс, бүс нутаг, гадаад орны болон үндэсний стандарт, техникийн зохицуулалт, удирдамж, зөвлөмж, аргачлал, заавар, тохирлын үнэлгээний журам болон холбогдох норматив-техникийн бусад баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, хамгаалах, олон нийтэд хүргэх, мэдээлэх, хэвлэх, борлуулах үйлчилгээ үзүүлэх, төрөлжсөн сургалт зохион байгуулах замаар салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх:
- Худалдаа үйлчилгээний тооцоо, эрүүл мэнд, байгаль орчин, улс орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг шалгаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар тэдэнд зөв сонголт хийх, өөрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх: