Хэмжилзүйн лаборатори нь 1998 оноос хойш 6 удаа итгэмжлэгдэн жилдээ иргэн, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын 4100 гаруй хэмжих хэрэгслийг тогтоосон хугацаанд нь хэмжилзүйн хууль, дүрэм, журам, батлагдсан арга аргачлалын дагуу шалгах замаар баталгаажуулан, аймгийн хэмжээнд хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавраас нийгэм эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, анхдагч болон ажлын эталоныг бий болгох, хадгалах, ашиглах үйл ажиллагааг явуулж байна.
Тус хэлтэс нь сүүлийн жилүүдэд хэмжил зүйн лабораторийг орчин үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг улс, орон нутгийн төсвөөр шийдвэрлүүлснээр 1 фазын цахилгаан тоолуур шалгах зөөврийн төхөөрөмж, электрон даралтын аппарат шалгах багаж, хийн түгээгүүр шалгах нефть денсиметр, 1 ба 3-н фазын тоолуурыг газар дээр нь шалгах явуулын төхөөрөмж, хүндийн хэмжлийн төрөл бүрийн жин зэрэг ажлын эталоноор бүрэн хангагдсан. Үүний үр дүнд орон нутагтаа баталгаажуулах хэмжих хэрэгслийн тоо 93% -иар өсөн нэмэгдэж, ажиллах орчин нөхцөл сайжирсан байна. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтнүүд нь жил бүр мэргэших сургалтад хамрагдаж, 5 жил тутам аттестатчилагдан улсын шалгагчийн эрх аван ажилладаг.
Хэмжилзүйн лабораториуд итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу доорхи үйл ажиллагааг гүйцэтгэдэг.
Цахилгаан хэмжлийн лаборатори : Цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын тоолуур шалгаж баталгаажуулах.
Даралтын хэмжлийн лаборатори: Хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа бүх төрлийн манометр, цусны даралтын аппарат, хүчил төрөгчийн манометр зэргийг шалгаж баталгаажуулах.
Массын хэмжлийн лаборатори: Худалдаа үйлчилгээнд ашиглагдаж буй бүх төрлийн жин, лабораторийн жин, авто машины жин, 3-р ангийн туухай зэргийг баталгаажуулах.
Эзэлхүүн багтаамжийн лаборатори: Шатахуун түгээгүүр, газын түгээгүүр, цэвэр усны тоолуурыг баталгаажуулж гэрчилгээ олгох.