СХЗГ-ын Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газрын /ХХШБГ/ Механик хэмжих хэрэгслийн лабораторийн улсын шалгагч Б.Пүрэвтогтохтой хамт шалгалт баталгаажуулалтын ажлыг нь сурвалжлахаар нэлээд эрт яригдсан ч машины асуудлаас болж хойшлоод байсны учрыг сая машинд нь суугаад л ойлгов. Техникийн үзлэгээр бол аль хэдийн актлагдах ёстой машин бөгөөд хэдэн улсын байцаагчид аяыг нь олж барьдаг тулдаа л өнөө хүртэл хөдөлгөж яваа аж. “Сигнал нь ажиллахгүй болохоор хүн харин их тайван болдог юм байна. Өөрийнхөө машиныг унахдаа ч сигналаа ажиллуулахаа мартчихдаг болсон” хэмээн Б.Пүрэвтогтох инээмсэглэн ярина лээ. Гэвч саяхан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар угаасаа хураагдсан байна лээ.
Улсын байцаагч нар долоо хоногийн гурван өдөр нь гадуур шалгалт баталгаажуулалтын ажлаар явна. Том жижиг олон туухай тээж явдаг болохоор машин зайлшгүй шаардлагатай. Гэвч машинтай байхад дугаарын хязгаарлалтад орж, нэг өдөр алдахаас гадна ачуулах тохиолдол ч байдаг байна. Уг нь улсын ажил хийгээд явдаг, тэгсэн хэрнэ хувь хүнтэй ижил замын хөдөлгөөний журам үйлчлээд байдаг. Хэрвээ улсын байцаагч нар очиж үйлчлэхгүй бол албан байгууллага, хувь хүмүүс хэмжих хэрэгслээ баталгаажуулах гээд бүгд хотын төв рүү орж ирвэл түгжрэл бүр утгаараа нэмэгдэж таарна. Бидний сурвалжлагаар явах өдөр улсын шалгагч Ц.Батхишиг 1-р байран дээр суурин ажиллаж байсан бөгөөд шалгалт баталгаажуулалтын ажлыг ийнхүү суурин болон дуудлагаар явж хийдэг.
Бидний орсон эхний газрын жингийн баталгаажуулалт хугацаа нь дууссан байсан төдийгүй жин нь буруу зааж байв. “Баталгааны хугацаа нь дууссан бол өөрсдөө ирээд баталгаажуулах ёстой. Зарим газар манайхыг очихыг хүлээгээд суучихдаг. Тэгвэл одоо ингээд өөрсдөө алдагдал хүлээхэд хүрнэ” хэмээн Б.Пүрэвтогтох хэлсэн. Эндээс жингийн яльгүй зөрөө ч тухайн худалдагч, худалдан авагчаа эдийн засгийн алдагдалд оруулах учраас баталгаажуулалтыг цаг тухайд нь хийлгэх ямар чухам нь харагдаж байгаа юм. Электрон жингийн баталгаат хугацаа 6 сар тутамд байдаг аж.
Жингийн баталгаажуулалтын хувьд таван салбараас бусад салбарт ашигладаг жинг заавал баталгаажуулахыг шаарддаггүй байна. Үүнд, хүн, мал эмнэлгийн оношилгоо, байгаль орчин, батлах хамгаалах, аюулгүй байдал, худалдаа тооцоо гэсэн таван салбарт ашигладаг жинг заавал баталгаажуулалтад хамрагдах шаардлагатай.
Иргэдийн мэдээлэл багатай байдаг нэг зүйл нь баталгаатай жинг хаанаас худалдаж авахаа тэр бүр мэддэггүй. Стандарт, хэмжил зүйн газраас худалдах хэмжих хэрэгсэл нь загварын туршилтад орж, чадавхиа үнэлүүлсэн, мэдээллийн санд бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагаас жинг авах ёстой бөгөөд тийм жинг л баталгаажуулалтад хамруулдаг. Одоогоор тусгай зөвшөөрөл авсан байгаа байгууллагуудын мэдээллийг https://masm.gov.mn/view/хэмжих-хэрэгслийн-загварын-туршилт гэсэн линкээс харж болно.
Б.Пүрэвтогтох 1990 онд тухайн үеийн нэршлээр Хэмжил зүйн төвд нярваас ажлаа эхэлсэн бөгөөд 2009 оноос улсын шалгагчаар одоо хүртэл ажиллаж байна. “Баталгаажуулалтаар явж байхад түмэн янзын ааштай хүмүүстэй нүүр тулна. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг шиг л зохицуулна шүү дээ. Байнга туухай барьж явдаг болохоор пүүз гэх мэт хөнгөн шингэн хувцас өмсөөд, биеийн тамир хийж байгаа хүн шиг л явна” хэмээн тэрээр хуучилсан. Улсын шалгагч гэдэг аливаа хэмжих хэрэгслийн үнэн зөв байдлыг шалгаж баталгаажуулдаг, хариуцлагатай ажил учир таван жил тутамд атистатчиллын шалгалт өгдөг бол хэмжих хэрэгслийн засвар техник хариуцдаг мэргэжилтнүүд хоёр жил тутамд тус шалгалтад хамрагддаг байна.