Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь анх 1923 онд Жин хэмжүүрийн товчоо нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө үндсэн 8 нэгж, 1 алба мөн орон нутгийн 20 аймагт салбар хэлтэстэй, салбарын хэмжээнд 420 гаруй ажилтан, албан хаагчид бүхий Засгийн Газрын тохируулагч агентлаг болтлоо хөгжлийн олон үеийг туулж ирсэн 100 жилийн түүхтэй байгууллага юм.
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, стандартчилал, тохирлын үнэлгээний баримт бичгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, үндэсний стандартыг олон улсын стандартын түвшинд хүргэж нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд стандартчиллын бодлогоор дэмжлэг, туслалцаа үзүүлэх, олон улс, бүс нутаг, 2 талын стандартчиллын хамтын ажиллагааг хөгжүүлэх, стандартчиллын техникийн хороод болон дэд хороодын үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тохирлын үнэлгээний бодлогыг тодорхойлох;
- Хэмжил зүйн тухай хууль, эрх зүйн орчинг олон улсын жишиг, улс орны нийгэм эдийн засгийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох санал боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, хэмжлийн эталоныг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын болон хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх ажилтны чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг хөтлөх, улсын эталон, стандартчилсан загварыг бий болгох, зохион бүтээх, хадгалах, харьцуулан дүйлгэж баталгаажуулах, хэмжил зүйн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил, туршилт хийх, улсын эталоны нэгж дамжуулалтыг олон улсад болон үндэсний хэмжээнд хангах, өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх, хэмжил, шалгалт тохируулгын чадавхыг Жин, хэмжүүрийн олон улсын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, хэмжих хэрэгслийн загварын туршилт хийх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулах, боловсронгуй болгох, хэмжлийн нэгжийн эталоны ашиглалт, хөтлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг эталоны нэгдсэн лаборатори, секторын тогтолцоонд үндэслэн хийх, хэмжил зүйн олон улсын байгууллага, хэлэлцээрт нэгдэн орох, тэдгээртэй хамтран ажиллах чиг үүрэг хэрэгжүүлэх;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг үндэсний болон олон улсын хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, аюулгүйн тэмдэг хэрэглэх бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ явуулж, гэрчилгээжүүлэх, Олон Улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн байгууллагад тохирлын үнэлгээ явуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын талаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, Баталгаажуулалтын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар тэдэнд зөв сонголт хийх, өөрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
- Үнэт металл, эрдэнийн чулууны үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн акт, сорьцын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд химийн шинжилгээ хийж үнэт металлын сорьцыг тогтоон улсын сорьцын баталгааны тэмдэг дарах, эрдэнийн чулууг таньж гэрчилгээ олгох, сорьцын баталгааны тэмдгийн хяналт шалгалтыг хийж сорьцтой холбоотой маргааныг таслан шийдвэрлэх, шинжилгээ хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт металлыг хайлж гулдмайлах, сорьцын лабораторийн чадавхыг дээшлүүлэх;
- Олон улсын гэрээ хэлэлцээр, олон улс, бүс нутаг, гадаад орны болон үндэсний стандарт, техникийн зохицуулалт, удирдамж, зөвлөмж, аргачлал, заавар, тохирлын үнэлгээний журам болон холбогдох норматив-техникийн бусад баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, хамгаалах, олон нийтэд хүргэх, мэдээлэх, хэвлэх, борлуулах үйлчилгээ үзүүлэх, төрөлжсөн сургалт зохион байгуулах замаар салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх:
- Худалдаа үйлчилгээний тооцоо, эрүүл мэнд, байгаль орчин, улс орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг шалгаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар тэдэнд зөв сонголт хийх, өөрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх:
Түүхэн товчоон:
- 1923 оны 1 дүгээр сард Сангийн яаманд Хэмжил зүйн байцаагч эрхлэгч 1, хэмжүүр үасах дархан 2-ын орон тоо батлагдан ажиллаж эхэлсэн.
- 1924 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Монгол Улсын аливаа хэмжүүрийн дүрэм” батлагдсан.
- 1924 онд Сангийн яамны харьяа “Жин хэмжүүрийн тасаг” байгуулагдсан.
- 1931 оны 1 дүгээр сард Худалдаа аж үйлдвэрийн яамны дэргэд Хэмжүүрийн асуудал эрхлэх комисс байгуулагдсан.
- 1944 оны 4 дүгээр сард “Хэмжүүр ба хэмжих хэрэгслийн тухай” хууль батлгадсан.
- 1953 оны 4 дүгээр сард Улсын төлөвлөгөөний комиссын дэргэд “Үнэ стандартын хороо” байгуулагдсан.
- 1955 оны 4 дүгээр сард Сангийн яамны харьяа “Улсын хэмжүүр ба хэмжих багаж хэрэгслийн хэрэг эрхлэх газар” байгуулагдсан.
- 1956 онд Гадаад худалдааны яамны харьяа “Улсын чанарыг байцаан шалгах газар” байгуулагдсан.
- 1958 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 13 хүний бүрэлдэхүүнтэй “Улсын стандартчиллын комисс” байгуулагдсан.
- 1959 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Улсын стандарт, хэмжүүр ба хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газар” байгуулагдсан.
- 1963 оны 2 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор Улсын банкны ерөнхий хороонд Үнэт металлын чанар шалгах тасаг байгуулагдсан.
- 1970 оны 11 дүгээр сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 337 дугаар тогтоолоор “Алт үнэт чулууны цех” байгуулагдсан.
- 1972 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Чанар, стандарт, хэмжүүрийн улсын хороо” байгуулагдсан.
- 1975 оны 6 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Үнэ, стандартын улсын хороо” байгуулагдсан.
- 1976 оны 2 дугаар сард Үнэ, стандартын улсын хорооны харьяа “Улсын чанар хэмжүүрийн хяналтын төв” байгуулагдсан.
- 1983 онд Сайд нарын зөвлөлийн 101 дүгээр тогтоолоор Сангийн яаманд “Улсын сорьц хяналтын хэлтэс”-ийг үнэт металлын чанар шалгах хэлтэстэйгээр байгуулсан.
- 1988 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Улсын стандартын газар” байгуулагдсан.
- 1990 оны 10 дугаар сард “Үндэсний стандартчиллын эрдэм шинжилгээний хүрээлэн” байгуулагдсан.
- 1992 оны 5 дугаар сард Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 83-р тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв” байгуулагдсан.
- 1994 оны 12 дугаар сард “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль” батлагдсан.
- 1996 онд Улсын Их Хурлын 40 дүгээр тогтоолоор Сорьцын улсын хяналтын албыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгосон.
- 1999 оны 7 дугаар сард Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн харьяа Итгэмжлэлийн алба байгуулагдсан.
- 2003 оны 5 дугаар сард “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль батлагдсан.
- 2008 оны 8 дугаар сард Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв” нь “Стандартчилал, хэмжил зүйн газар” болсон.
- 2008 онд Улсын Их Хурлын 43 дугаар тогтоолоор Сорьцын улсын хяналтын албыг Стандартчилал, хэмжил зүйн газарт шилжүүлсэн.
- 2016 оны Монгол улсын Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн газар” нь “Стандарт, хэмжил зүйн газар” болсон