2020 онд Дэлхийн стандартын өдрийг “Стандартаар эх дэлхийгээ хамгаалах нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Жил бүрийн 10 дугаар сарын 14-ний энэ өдөр Олон улсын стандартын байгууллага, Олон улсын цахилгаан техникийн комисс, Олон улсын харилцаа холбооны байгууллагын гишүүд, экспертүүд, дэлхий нийтээр хэрэглэх, сайн дурын техникийн баримт бичгийг зөвшилцөн боловсруулж, олон улсын стандарт хэлбэрээр хэвлэн нийтэлдэг мянга мянган мэргэжилтнүүдийн баярын өдөр юм. Энэ өдрийг стандартчиллын үйл хэрэгт мэдлэг, оюун, сэтгэл зүрхээ зориулж ирсэн 160 гаруй орны 100 мянга гаруй мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Монгол улсад энэ өдрийг Стандарт-Хэмжил зүйн ажилтны өдөр болгон тэмдэглээд арав гаруй жил өнгөрчээ. Монгол Улсын чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэл, шинэ хандлагын өнөө үеийн стандартчилал, хэмжил зүйн салбарын түүхийг та бид хамтдаа бүтээлцэж байна. Улс орны маань нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан стандартчиллын үүрэг роль өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд стандарт нь тогтвортой хөгжилд хүрэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчны талаар зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл-хөгжлийн түлхүүр мөн юм. 2020 онд дэлхийн эдийн засаг шинэ сорилттой тулгарч, дэлхий нийтийг хамарсан цар тахалтай нүүр тулаад байгаа энэ бодит байдалд шинэлэг, оновчтой шийдлүүдийг боловсруулж, эрсдэлийг бууруулж, зайлшгүй өөрчлөлтийг зөөлрүүлж даван туулах нь стандартчиллын гол зорилт байх болно. Ийм учраас энэ жилийн стандартчиллын өдрийг бид “Стандартаар эх дэлхийгээ хамгаалах нь” уриан доор тэмдэглэж байна. Саяхан батлагдсан Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн болон дэд бүтцийн салбарт хүртээмжтэй, чанартай үйлчилгээний стандартыг бий болгож, үндэсний стандартуудыг олон улсын түвшинд нийцүүлж шинэчлэхээр тусгасан нь бидэнд их итгэл, үүрэг хариуцлагыг хүлээлгэж байгаа билээ. Монгол улсын стандартчиллын байгууллага, Олон улсын стандартчиллын байгууллага, Олон улсын цахилгаан техникийн хороо, Европын стандартчиллын байгууллага болон бүс нутаг гадаад орны стандартчиллын байгууллагуудтай хамтран ажиллаж, худалдаан дахь техникийн саад тотгорыг бууруулах, үндэсний бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадварыг сайжруулах зорилтуудын төлөө ажиллаж байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын 40 гаруй тогтоол шийдвэрийн 60 гаруй заалтуудыг хэрэгжүүлэхэд стандарт нийгмийн үүргээ гүйцэтгэж байна. Түүнчлэн Стандарт, хэмжил зүйн газар нь чанарын дэд бүтцийн олон улсын жишгийн дагуу техникийн хороодоороо дамжуулан, 60 гаруй салбарын 900 гаруй мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэж, мэдлэг оюунд тулгуурласан, сайн дурын, зөвшилцөлд суурилсан, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн стандартуудыг бий болгох ажлыг удирдан зохион байгуулж байна. Үндэсний стандартчилагчдын ажлын үр дүнд үндэсний 6500 гаруй стандартын олон улсын түвшин тогтмол дээшилж, адилтгасан түвшин 40%-д хүрээд байна. Аливаа төрийн нэн тэргүүний зорилт нь улс орны болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах зорилт бөгөөд үүний тулд 8 салбарт 18 техникийн зохицуулалтуудыг боловсруулахаар бодлого боловсруулагчид ажиллаж байна. Тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалтын бодлогыг оновчтой боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бидний үүрэг бөгөөд энэ салбарт ажилладаг та бүхний зөв хандлага, мэдлэг оюун, хүчин чармайлт Монгол улсын хөгжилд тун чухал юм.