
ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР – 2023.05.20
Жин ба хэмжүүрийн олон улсын товчоо(BIPM), Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага(BILM)-ын захирлуудын мэндчилгээг хүргэж байна.
Хэмжил дэлхийн хүнсний тогтолцоонд дэмжлэг үзүүлэх нь
Хүнс нь хүн бүрийн анхаарлын төвд байдаг чухал асуудал юм. Аюулгүй, хүртээмжтэй хоол хүнсээр хангах нь дэлхийн засгийн газруудад тулгамдаж буй томоохон сорилтуудын нэг хэвээр байна. Энэ нь мөн олон улс, үндэсний болон орон нутгийн түвшинд борлуулагч, жижиглэн худалдаачдаар дамжуулан хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ худалддаг тариаланчид, хүнс үйлдвэрлэгчдийн зорилго юм. Дэлхийн хүнсний худалдаа 2021 онд 22 их наяд ам.долларт хүрч, нийт худалдааны 20 орчим хувийг эзэлж байжээ.
Үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнийг үнэд хүргэн зах зээлд гаргах, олон улсад худалдаалахын тулд хүнсний стандартад нийцэж буйгаа нотлон харуулах ёстой. Нөгөө талаас засгийн газар дотоодын зах зээл дээрх хүнсний аюулгүй байдлыг хангаж, шударга худалдааг дэмжих шаардлагатай.
Энэ бүхнийг хүнсний анхан болон боловсруулах шатанд ашиглаж буй тоон болон чанарын найдвартай хэмжлээр баталж тогтоодог.
Энэ жилийн Дэлхийн хэмжил зүйн өдрөөр бид дэлхийн хүнсний тогтолцоонд нөлөөлдөг хэмжил зүйн олон асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Тухайлбал,
- Худалдан авсан болон борлуулсан хүнсний тоо хэмжээг масс эсвэл эзлэхүүнээр хэмжинэ. Олон улсын хэмжээнд худалдаалж буй их хэмжээний үр тариа, улаан буудайнаас эхлээд савласан бүтээгдэхүүний шошго дээрх хэмжээг үнэн зөв эсэхийг тогтоох хялбаршуулсан аргаар жинлэх хүртэл өргөн хүрээнд эдгээр хэмжлүүдийг хийдэг;
- Хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалах, савлах нь түүний орчны температур, чийгийн хэмжээг нарийн тогтоож, хянахаас хамаардаг;
- Хүнсний чанар, жинхэнэ байдлыг түүний химийн найрлагыг хэмжиж тодорхойлох бөгөөд зөгийн бал, дарс зэрэг өндөр үнэтэй хүнсний гарал үүслийг баталгаажуулахад витамины агууламж тогтоосон хэмжээнд байгаа эсэхийг хэмжиж тогтоохоос эхлэн изотоп бүрдлийн хэмжил хүртэл хийгдэх шаардлагатай;
- Пестицидийн үлдэгдэл, хүнд металл гэх мэт химийн бохирдол, микотоксин зэрэг биологийн бохирдол байгаа эсэхийг нарийн хэмжиж илрүүлснээр хүнсний аюулгүй байдал хангагддаг.
Байгалийн нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхийн хүнсний тогтолцоонд томоохон сорилт тулгарч байгааг хүлээн зөвшөөрч, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас өлсгөлөнгүй, бүх нийтийг цэвэр усаар хангах тухай тогтвортой хөгжлийн зорилтууддаа тусгаад байна.
Бид Дэлхийн хэмжил зүйн өдрийг дэлхий даяарх оролцогч талуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.