Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь анх 1923 онд Жин хэмжүүрийн товчоо нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө үндсэн 8 нэгж, 1 алба мөн орон нутгийн 20 аймагт салбар хэлтэстэй, салбарын хэмжээнд 420 гаруй ажилтан, албан хаагчид бүхий Засгийн Газрын тохируулагч агентлаг болтлоо хөгжлийн олон үеийг туулж ирсэн 100 жилийн түүхтэй байгууллага юм.
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, стандартчилал, тохирлын үнэлгээний баримт бичгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, үндэсний стандартыг олон улсын стандартын түвшинд хүргэж нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд стандартчиллын бодлогоор дэмжлэг, туслалцаа үзүүлэх, олон улс, бүс нутаг, 2 талын стандартчиллын хамтын ажиллагааг хөгжүүлэх, стандартчиллын техникийн хороод болон дэд хороодын үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тохирлын үнэлгээний бодлогыг тодорхойлох;
- Хэмжил зүйн тухай хууль, эрх зүйн орчинг олон улсын жишиг, улс орны нийгэм эдийн засгийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох санал боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, хэмжлийн эталоныг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын болон хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх ажилтны чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг хөтлөх, улсын эталон, стандартчилсан загварыг бий болгох, зохион бүтээх, хадгалах, харьцуулан дүйлгэж баталгаажуулах, хэмжил зүйн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил, туршилт хийх, улсын эталоны нэгж дамжуулалтыг олон улсад болон үндэсний хэмжээнд хангах, өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх, хэмжил, шалгалт тохируулгын чадавхыг Жин, хэмжүүрийн олон улсын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, хэмжих хэрэгслийн загварын туршилт хийх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулах, боловсронгуй болгох, хэмжлийн нэгжийн эталоны ашиглалт, хөтлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг эталоны нэгдсэн лаборатори, секторын тогтолцоонд үндэслэн хийх, хэмжил зүйн олон улсын байгууллага, хэлэлцээрт нэгдэн орох, тэдгээртэй хамтран ажиллах чиг үүрэг хэрэгжүүлэх;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг үндэсний болон олон улсын хууль, тогтоомж, стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, аюулгүйн тэмдэг хэрэглэх бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ явуулж, гэрчилгээжүүлэх, Олон Улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн байгууллагад тохирлын үнэлгээ явуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын талаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, Баталгаажуулалтын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар тэдэнд зөв сонголт хийх, өөрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
- Үнэт металл, эрдэнийн чулууны үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн акт, сорьцын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд химийн шинжилгээ хийж үнэт металлын сорьцыг тогтоон улсын сорьцын баталгааны тэмдэг дарах, эрдэнийн чулууг таньж гэрчилгээ олгох, сорьцын баталгааны тэмдгийн хяналт шалгалтыг хийж сорьцтой холбоотой маргааныг таслан шийдвэрлэх, шинжилгээ хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт металлыг хайлж гулдмайлах, сорьцын лабораторийн чадавхыг дээшлүүлэх;
- Олон улсын гэрээ хэлэлцээр, олон улс, бүс нутаг, гадаад орны болон үндэсний стандарт, техникийн зохицуулалт, удирдамж, зөвлөмж, аргачлал, заавар, тохирлын үнэлгээний журам болон холбогдох норматив-техникийн бусад баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, хамгаалах, олон нийтэд хүргэх, мэдээлэх, хэвлэх, борлуулах үйлчилгээ үзүүлэх, төрөлжсөн сургалт зохион байгуулах замаар салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх:
- Худалдаа үйлчилгээний тооцоо, эрүүл мэнд, байгаль орчин, улс орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг шалгаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх улмаар тэдэнд зөв сонголт хийх, өөрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх: