Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Стандарт, хэмжил зүйн газарт ажиллах үеэрээ тус газрын лабораториудтай танилцсан. СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ц.Алтанцэцэг лабораторийнхоо нөхцөл байдлыг танилцуулж, цаашид эталон тоног төхөөрөмж шаардлагатай байгаагаа хэлсэн.
“Хэдийгээр боловсон хүчин дутмаг, тоног төхөөрөмж хангалтгүй ч манай Массын эталоны лаборатори бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори. Өөрөөр хэлбэл массын хэмжлийн төвшнөөрөө олон улсын төвшинд ажилладаг гэсэн үг” гэдгийг Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл нэмж хэлэв. Шадар сайд С.Амарсайхан Массын болон Цаг давтамжийн эталоны лабораторитой танилцсаны дараа “Та бүхний хүндрэл бэрхшээлийг маш сайн ойлгож байгаа. Энэ байгууллага хөгжлийн тулгуур салбар учраас нийгмийн хангамж, цалин хөлсийг нь нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийн баазыг бэхжүүлэх бол зайлшгүй асуудал. Орон тоог нэмэгдүүлэх, хүний нөөцийг сургаж, бэлтгэх тал дээр аль боломжоор нь тусална. Үүний тулд та бүхэн санал бодлоо сайн хэлээрэй. Дотоод үйл ажиллагааг сайжруулах замаар шагнал урамшууллын тогтолцоог сайжруулах боломжтой” гэж хэлсэн юм.