“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 29-р заалтын хэрэгжилтийг хангуулах, Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 6, 8-ны өдрүүдэд “Стандартчилал, тохирлын үнэлгээний суурь асуудал” сэдэвт сургалтыг Мэргэжлийн хяналтын байцаагч нарт зориулан цахимаар зохион байгууллаа.
Сургалтад МХЕГ, НМХГ, Орон нутгийн МХХ-үүдийн 800 гаруй Улсын байцаагчид хамрагдаж Стандартыг боловсруулах, шүүлт хийх, шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, хэлэлцэн батлах үе шатууд, стандартыг мөрдүүлэх хэм хэмжээ, техникийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч, хилийн хяналт шалгалтад гадаад улс орнуудын бараа бүтээгдэхүүний тохирлын баталгааг хэрхэн хүлээн зөвшөөрөх, дотоодын зах зээл дээр стандарт, чанар, аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүн үйлчилгээний тохирлын гэрчилгээг олгох эрх зүйн актуудын хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудыг хамтран хэлэлцэв.
Стандартчиллын үйл ажиллагааг ил тод нээлттэй явуулж, сонирхогч талуудын идэвхитэй оролцоог хангах, зах зээлийг чанаргүй бараа бүтээгдэхүүнээс хамгаалах, төрийн хяналт шалгалт, тохирлын үнэлгээний чиг үүрэг, стандартын хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулахад улсын байцаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх, стандартын мэдээллээр хангах нь энэхүү сургалтын зорилго юм.