“Хүмүүс тоолуурын заалтаа зогсоох гэж их оролддог үе байсан. Нэг бол хажуулдуулаад тавина, эсвэл дээш нь зүүнэ” гэж түүнийг ярихад бага насны дурсамж өндийгөөд ирэв. Эмээ нар бол улсын байцаагч нар ороод ирэхэд улаан цайм өөдөөс нь харж байгаад л зүүсэн тоолуураа буулгадаг байсан тухай саяхан танилтайгаа ярьж инээлдсэнээ санав. Хөдөө орон нутагт хотынх шиг хаалга тогшино гэж юм бараг байхгүй, улсын байцаагчийг айлын ноход нь хүртэл андахгүй болохоор тоолуураа зүүчхээд гэнэ сэрэггүй суухад нь ороод ирдэг хэрэг. Ингээд бодоход тоолуур зүүх гэдэг орон нутагт бол ерэн хэдэн оны нэг үзэгдэл байсан шиг ээ. Энэхүү дурсамжийг хамтдаа хуваалцаж суугаа хүн бол Баянхонгор аймгийн Цахилгааны хэмжүүрийн улсын шалгагч Л.Нямдорж.
Тэрээр 1992 оноос аймгийнхаа Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажлын гараагаа эхэлжээ. ОХУ-ын Эрхүү хотын Инженер, механикийн дээд сургуулийг инженер, механикч мэргэжлээр төгссөн бөгөөд механик хэмжүүрийн улсын шалгагчаар анх ажилласан байна. Улмаар тэрээр цахилгааны хэмжүүрийн, эзлэхүүний хэмжүүрийн улсын шалгагчаар ажилласан арвин туршлагатай. Өдгөө тэрээр хэлтсийнхээ ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
Салбартаа олон жил ажилласан болохоор Баянхонгорынхон түүнийг андахгүй. Гараар маниулдаж гаргадаг шатахуун түгээхтэй, механик тоолууртай байх үеийн улсын шалгагчаас өнөөг хүртэл нутагтаа ажиллаж байгаа болохоор түүнийг мэдэхгүй хүнгүй байх нь аргагүй. “Техник, технологи хөгжөөгүй байх үед ажлын ачаалал их байсан. Зөрчил ч багагүй гарна. Ялангуяа цахилгаан дээр маргаан их гарна. Цахилгааны мөнгө их гараад байна, шалгаад өгөөч ээ гэдэг хүсэлт их ирнэ. Хар тоолуур буюу механик тоолууртай байхад шалгахад хүндрэлтэй зүйл гардаг байсан. Одоо бол бүгд электроникжоод, асуудал гарахаа больсон” хэмээн Л.Нямдорж ярьсан.
Тэрээр уур багатай, инээд элбэгтэй, зөөлөн дулаан нэгэн. Улсын байцаагч нар хэмжил зүйн байцаагчийн эрхтэй байх үед нэг удаа түүнд нэгэн хөгжилтэй явдал тохиолдож л дээ. Шалгалтаар явж байхдаа зөрчил илрүүлэхэд, “Хүн торгох гэж байж өөдөөс инээлээ” хэмээн нэгэн эмэгтэйд зад загнуулсан гэж байгаа. “Тэр хэргээс болж шүүх дээр оч л уу яалаа, тэгэхэд торгох гэж байж инээж хүн дооглосон гэж билээ” хэмээн тэрээр инээмсэглэсэн. “Хүнд өөрийнхөө мэддэг бүхнээ ойлгуулахын төлөө явдаг” гэсэн түүний ажлын зарчмаас харахад ч тэрээр зөөлөн зан чанартай хүн гэдэг нь харагдана. Хэлтсийнх нь хэмжээнд тулгарч байгаа ямар асуудал байгааг түүнээс асуухад “Байраа өргөжүүлэх асуудал байгаа. Сүүлд Үнэт металл, сорьцын хяналтыг тогтоох лабораторитой болсноос хойш манай хэлтсийнхэн нэг өрөөнд хамтдаа сууж байна. Байраа давхарлуулах тал дээр яриад л байгаа. Мөн тоног төхөөрөмж нэмэгдүүлэх шаардлага бий” гэдгийг тэрээр ярианыхаа төгсгөлд хэлсэн юм.
Инээмсэглэл байгаа газарт сайхан энерги түгж байдаг. Л.Нямдорж ийм л нэг аядуу зан, намдуу инээмсэглэлээрээ уулзсан бүхэндээ сайныг түгээж, салбартаа олон жил тууштай, нэг сэтгэлээр зүтгэж яваа нэгэн.