Стандартчилал, хэмжил зүйн албаны хөгжил дэвшил нь Монгол улсын бүтээн байгуулалтын түүхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Манай оронд стандартчилал, хэмжил зүйн ажил нь 1921 оноос хойш улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, удирдлагын арга хэлбэртэй нягт уялдаатай, тодорхой үе шаттай хөгжиж ирсэн билээ.
Стандартчилал, хэмжил зүйн алба Монгол улсын үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л салбарт стандартаар дамжуулан дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хэмжүүрийн үндэсний эталоныг бий болгон хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэн, стандартчилал, хэмжил зүйн үйлчилгээг өндөр түвшинд гүйцэтгэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Стандарт, хэмжил зүйн газар нь Олон улсын стандартчиллын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг төв орон нутагт ажиллаж буй стандарт, хэмжил зүйн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл, Монгол улсын стандартчиллын тогтолцооны хөгжил, дэвшлийн үнэлгээ гэж үзэж болно. Стандарт, хэмжил зүйн газар нь төв орон нутгийн 21 аймагт салбар, хэлтсүүдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, үндэсний стандартыг олон улсын түвшинд хүргэх чиглэлээр өргөн цар хүрээтэй ажил хийж байгааг талархан тэмдэглэж байна.
Манай байгууллага анх 1981 оны 01 сараас Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд Үнэ, чанарын хэлтэс нэртэйгээр байгуулагдсан ба бид аймгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн экспортыг нэмэгдүүлж үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал чанар хэмжилзүйн бодлогоор дэмжихэд чиглэн ажиллаж байгаагийн зэрэгцээ “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай“ болон “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай” хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, Стандартчилал, хэмжил зүйн ажлыг улам боловсронгуй болгож стандартаар дамжуулан орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, нийгмийн хүрээнд дэвшилтэт технологи, менежментийн орчин үеийн арга хэлбэрийг нэвтрүүлэх, дэвшлийг хөтлөгч байх үүргээ нэр төртэй биелүүлж, стандартчилал, хэмжил зүйн үйлчилгээний хөнгөн шуурхай байдал, чанарын өндөр түвшинг хангахаар шамдан ажиллаж байна.
Даяарчлал, зах зээлийн хөгжлийн шаардлагын дагуу чанар, стандарт, хэмжил зүйн ажил, үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж, олон улсын нийтлэг чиг хандлагын голдирлоор хөгжих ирээдүй нээгдэж байгаатай холбогдуулан тус байгууллага шинэчлэлтийг эрчимжүүлэх бодлого, чиглэлээ тодорхойлж, үйл ажиллагаагаа зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчлөх зорилтыг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний нэг тод жишээ бол байгууллагын үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлж, гэрчилгээжсэн явдал юм. Цаашид манай хамт олон стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн ажил үйлчилгээний хүрээг улам өргөтгөж, аймгийнхаа эдийн засаг, хүн ардынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхэд хүчин зүтгэх сайхан боломжийг алдахгүйн төлөө ажиллах болно.
Манай байгууллагатай хамтран ажилладаг өмчийн бүх л аж ахуйн нэгж, байгууллагууд, ажилтнууд, иргэдэд ажил, амьдрал өөдлөн дэвжихийн ерөөл дэвшүүлье.