МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙН ТЭМДЭГ

Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар /БТБГ/ нь итгэмжлэгдсэн, мэргэшсэн бөгөөд Шадар сайдын тушаалаар томилогдсон баталгаажуулалтын байгууллага болно. Холбогдох хууль, журам, техникийн зохицуулалтын шаардлага, онцлог шалгуур үзүүлэлт, схемийн дагуу 2019 оноос “Аюулгүйн тэмдэг” олгох тохирлын үнэлгээний баталгаажуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу “Аюулгүйн тэмдэг”-г хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнд олгохоор хуульчилсан.

“Аюулгүйн тэмдэг” гэж бүтээгдэхүүн нь техникийн зохицуулалтаар тогтоосон шаардлагыг бүрэн хангаж буйг тодорхойлсон тэмдэг, тэмдэглэгээг хэлнэ.

“Аюулгүйн тэмдэг” нь үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнийхээ гадаад, дотоод зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх арга зам төдийгүй ард түмний эрүүл амьдрах аюулгүйн баталгаа юм.

Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дэргэд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл бүхий орон тооны бус зөвлөл ажиллан “Аюулгүйн тэмдэг” олгох бүтээгдэхүүнд явуулсан тохирлын үнэлгээний ажлын хэсгийн тайлан, дүгнэлийг хэлэлцэж шийдвэр гаргадаг.

“Аюулгүйн тэмдэг” бүхий бүтээгдэхүүн хэрэглэснээр хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшлэн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхээс гадна аюулгүй, чанарын баталгаатай хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн нь эрүүл аюулгүй амьдралын баталгаа болж өгдөг. 

АЮУЛГҮЙН ТЭМДГИЙН ХЭЛБЭР, ХЭМЖЭЭ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ /ЭНД ДАРЖ ҮЗЭХ/

АЮУЛГҮЙН ТЭМДЭГТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ /ЭНД ДАРЖ ҮЗЭХ/