СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР ИРГЭД, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙГЭЭ  ЭРГЭХ ХОЛБООТОЙ АЖИЛЛАНА

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР ИРГЭД, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙГЭЭ ЭРГЭХ ХОЛБООТОЙ АЖИЛЛАНА

Бодлогын шинэлэг арга хэрэгслийг туршин нэвтрүүлэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл хамтран хэрэгжүүлж байгаа “Бодлогын инноваци-2020” бичил төслийн сонгон шалгаруулалтад шалгарсан “Стандарт, хэмжил зүйн газраас иргэд, үйлчлүүлэгчтэй тогтоох эргэх холбоог сайжруулах” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас үзүүлж буй ажил, үйлчилгээний талаарх судалгааг иргэд, үйлчлүүлэгчдээс авч тэдэнтэй тогтоох эргэх холбоог сайжруулахтай холбоотой хэлэлцүүлгийг тус газраас үйлчилгээ үзүүлдэг үндсэн нэгжүүд болон Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулсан байна. Хэлэлцүүлэг зохион байгуулахдаа Системийн сэтгэлгээний арга, Загварчлалын сэтгэлгээний аргуудыг ашиглаж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид иргэд үйлчлүүлэгчийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хялбар, энгийн хүнд сурталгүй, цахим хэлбэрээр авдаг байх нь зүйтэй гэж тодорхойлсон байна.

Санал асуулгад оролцсон хэрэглэгчдийн зүгээс Стандарт, хэмжил зүйн газраас баталсан үндэсний болон олон улсын стандартуудыг цахимаар харах боломжгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсныг гар утасны аппликейшн ашиглан шийдвэрлэх хувилбар боловсруулан эхний загваруудыг гаргаж 2020 оны 10 дугаар сард хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд хэрэглэх стандартаа бүртгүүлэх, хэмжил зүйн ажил үйлчилгээ болон дотоодын бүтээгдэхүүнийг баталгаажуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх боломжуудыг судлан 5 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зураглалыг хэлэлцүүлгийн явцад оролцогч талуудтай хамтран гаргасан ба Стандарт, хэмжил зүйн газар, орон нутгийн 20 стандарт, хэмжил зүйн хэлтсийн цахим хуудсыг иж бүрэн шинэчлэхээр төлөвлөсөн байна.

Тус байгууллагын удирдлага төслийн багийн гаргасан шийдлийн хувилбаруудыг хэрэгжүүлэхэд зориулан нэмэлтээр 11.3 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн нь маш том дэмжлэг болж байгааг төслийн багийнхан онцолж байлаа.

Өнөөдрийн байдлаар тус газар 18002525 тусгай дугаарыг ажиллуулан хэрэглэгчдийнхээ санал, хүсэлтийг хүлээн авч байгаа бол цаашид байгууллагынхаа цахим хуудас болон ухаалаг төхөөрөмжид суурилуулах боломжтой программ ашиглан иргэд, үйлчлүүлэгчдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах загварыг ч мөн гарган хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Аливаа байгууллага үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ санал бодлыг сонсож тэдний бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд эргэх холбоо тогтоох алхам хамгийн чухал бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаандаа зохион байгуулалтын болон бодлогын өөрчлөлтийг оруулж байх нь ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлсэн байгууллагын хувь туйлын чухал гэдгийг ч тус байгууллагын албан хаагчид хэлж байлаа.

Leave a Reply