Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ

2018 оны 6-р сарын 7-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд Засгийн газрын харъяа яам, агентлагийн хүрээнд нийт 80 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан хуулийн танилцуулга семинарыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд зөвлөх С.Янжинсүрэн, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, Европын Холбооноос хэрэгжиж буй Монголын Худалдааг дэмжих TRAM төслийн багийн ахлагч хатагтай Кармен Фратита нар оролцож үг хэлэв.
2003 оноос мөрдөж буй Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл өргөжсөн, гадаад дотоод худалдааг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн суурь техникийн баримт бичиг болох стандартын эрх зүйн хэм хэмээг олон улсын жишигт нийцүүлэх явдал байсан.
Монгол улсын Засгийн газраас хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулж 2017 оны 7 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэж, 2017 оны 12 сарын 21-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг эцэслэн баталсан. Ингэснээр стандартыг сонгон хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагыг Монгол Улсад хуульчилсан юм.
Монгол Улсын 3 сая гаруй, цаашилбал дэлхийн 7 тэрбум гаруй хүний хэрэглэдэг хэдэн тэрбум бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүгд өөрийн гэсэн стандарттай. Эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлын шаардлага, орчны шаардлага зэрэг олон техникийн нөхцлийг хангаж байж бидний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, идэж байгаа хоол хүнс хэрэглэгчдэд хүрдэг. Энэхүү техникийн нөхцлийг тодорхойлсон стандартыг улс орнууд эдийн засгийн чадавхи, нийгмийн байдал, цаг агаар, газарзүйн байрлал, хүн амын физиологи гэх мэт өөрийн онцлогоос хамаарч тодорхойлдог.
7 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тус хуульд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оржээ. Тухайлбал:
– Стандарт сонгон хэрэглэх хэлбэрт 100 хувь шилжиж байна. Хэрэглэгчийн хүсэлт эрэлтийг тодорхойлсон стандартыг үйлдвэрлэгч өөрөө сонгон хэрэглэх боломж бүрдэнэ. Тодруулбал гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх бол экспортлох гэж байгаа орныхоо шаардлага, шалгуурыг хангасан стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төрөөс үндэсний стандартыг заавал мөрдөхийг шаардахгүй болно.
– Итгэмжлэлийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг энэ хуулиар олгосноор итгэмжлэлийн үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөх баталгааг нэмэгдүүлж тохирлын үнэлгээний үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэх болно.
– Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор МУ-ын Засгийн газар техникийн зохицуулалтын баримт бичгийг баталдаг болно. Энэ нь төрийн бодлого зохицуулалтаар иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргийг төр хариуцан ажиллана.
– Бараа бүтээгдэхүүн зах зээлд аюулгүйн тэмдэгтэйгээр нийлүүлэгдэх зохицуулалт оров. Энэ нь бүтээгдэхүүний чанарын асуудлаас илүүтэйгээр аюулгүйн үзүүлэлтийг хангасан эсэхэд үйлдвэрлэл эрхлэгчид хариуцлагаа өндөржүүлэх нөхцөл бүрдэв.

Leave a Reply