“Савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодлын стандартыг хэрэгжүүлэх нь” сургалтад оролцов

“Савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодлын стандартыг хэрэгжүүлэх нь” сургалтад оролцов

Германы Физик технологийн хүрээлэн, Ази номхон далайн бүс нутгийн хууль эрхийн хэмжил зүйн байгууллагуудын хамтран зохион байгуулж байгаа MEDEA төслийн хүрээнд  БНХАУ-ын  НАННИНГ хотод  “Савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодлын стандартыг хэрэгжүүлэх нь”  сургалтанд Стандарт, Хэмжил Зүйн Газрын Эзэлхүүний эталоны лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Энхмаа оролцож сав баглаа боодол, савласан бүтээгдэхүүнд тавих хяналт, стандартыг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт семинарт хамрагдлаа.
Сургалтаар  OIML R 87:2016, OIML R 79:2017 стандартын дагуу савласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, савласан бүтээгдэхүүний шошгонд  хяналт тавих стандартыг хэрэгжүүлэх мөн түүнчлэн манай оронд энэ төрлийн ажил үйлчилгээ хэрхэн явагддаг талаар танилцуулга хийх болон цаашдаа хамтран ажиллах боломж судлах, санал өгөх байдлаар оролцлоо. Сургалтанд BIML-ийн захирал ноён Stephen Patoray /АНУ/ оролцож,  сургагч багш нараар ноён Phill Sorrell /Шинэ Зеланд/ , ноён Davis White /Шинэ Келанд/ , ноён Hans-Peter /Швейцари/ нар ажиллаа. Сургалтад 27 орны 71 хүн оролцож OIML R 79:2015, OIML R 87:2016 стандартуудыг хэрэгжүүлэх, хэрэглэхэд юуг онцлон  анхаарах, савласан бүтээгдэхүүний хяналт шалгалт, савласан /шингэнтэй/, хуурай бүтээгдэхүүнд хэрхэн хяналт тавих,  хэрхэн түүвэр авах, түүврийн залруулгын коэффициентийг хэрхэн тооцоолох зэрэг  чухал ач холбогдолтой сургалт боллоо. Сургалтын явцад БНХАУ-ын Гуанси мужийн Хэмжилзүйн төв, мах боловсруулах үйлдвэрээр орж бүтээгдэхүүний савлалт, хяналт хэрхэн хийгдэж байгаатай танилцсан юм.

MNS OIML R 87:2008 “Савласан бүтээгдэхүүний тоо хэмжээ” стандартад  Хяналт хийх эрх бүхий ажилтан савласан буюу үйлдвэрт савлагдаж буй бүтээгдэхүүнээс дээж авах, хяналтын багцаас дээжийн залруулгын коэффициентийг  тооцоолох, хяналтын багцад зөвшөөрөгдөх хорогдолтой бүтээгдэхүүний тоог  тодорхой заасан байна.
Жишээ нь: Хяналтын байцаагч  хяналт шалгалтаар  үйлдвэр дээр ирэхэд тэр өдрийн савлагдсан 495 ширхэг тараг худалдаанд гарахад бэлэн болсон байна. Байцаагч MNS OIML R87:2008 стандартын  дагуу хяналтын багцаас 50 ширхэг дээж аван жингийн аргаар хэмжилт хийн, SCF(дээжийн залруулгын коэффициент)-ийг  0,379 гэж тооцоолоход 2 ширхэг  дээж зөвшөөрөгдөх хэмжээнээс дутуу савлагдсан байна. Хяналтын байцаагч тухайн хяналтын багц MNS OIML R 87 стандартын шаардлагад нийцэж байгааг тогтоон  худалдаанд гаргахыг зөвшөөрсөн  байна.

MNS OIML R 87:2008  зөвлөмжийн стандартын дагуу шингэн орчинд савласан бүтээгдэхүүний шингэн нь ашигласаны дараа үлдэх эсвэл үлдэхгүй байж болохыг шошгон дээр зааж өгч болно. Үйлдвэрлэгч нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүйгээр савлах, савлагааны тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу хийхийг зөвлөсөн байдаг.

MNS OIML R 87:2008  зөвлөмжийн стандартад Хяналтын байцаагч бүтээгдэхүүний бодит тоо хэмжээг хэрхэн тодорхойлох аргачлалыг зааж өгсөн байдаг. Дээр дурдсан шилэн савлагаатай өргөст хэмхийн цэвэр жинг тооцоолохдоо зориулалтын шүүлтүүр ашиглан шүүж цул бүтээгдэхүүнийг жинлэх ба хяналтын багц, SCF(дээж авалтын коэффициент) –ийг тооцоолон тухайн хяналтын багц MNS OIML R 87:2008 стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтооно.
Энэ стандартад буруу савлалтыг хориглох тухай, бүтээгдэхүүнийг хэсэгчилэн буюу бүхэлд нь дутуу дүүргэсэн, эсвэл таг, ёроол, ханыг буруу хийж хэрэглэгчийг төөрөгдүүлэхээр савлахгүй байхаар заасан байна. Сул дүүргэлт нь үүрэгтэй байж болохыг заасан бөгөөд хэрэв сул дүүргэлт  тухайн  бүтээгдэхүүний савлагаанд  чухал үүрэгтэй бол ямар нөхцөл шаардлагатайг зааж өгсөн байна.
MNS OIML R 79:2015 “Савласан бүтээгдэхүүний шошгонд тавих шаардлага” стандартыг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд бүтээгдэхүүний таних тэмдэг, сав баглаа боодлын материал, савласан бүтээгдэхүүний хариуцагчийн мэдээлэл, хэвийн тоо хэмжээг илэрхийлэх, тэмдэглэх, мэдээллийг харуулах, төөрөгдүүлэх хэлбэр, дүүргэлтийн түвшинг зааж өгсөн бөгөөд тоо, үсгийн хэмжээг бүтээгдэхүүний талбайгаас хэрхэн тооцоолох талаар зөвлөсөн байна. Бүх төрлийн савлагаатай бүтээгдэхүүний нийт талбайн доод тал нь 40%-д мэдээллиййн үндсэн хэсэг багтах ба  талбайн хэмжээнээс хамаарч тоо ба үсгийн өндрийг тооцоолохыг үзүүлсэн байна.
MNS OIML R 79:2017, MNS OIML R 87:2008  Сав баглаа боодол, түүний шошгонд тавих шаардлагын стандарт нь зайлшгүй дагаж мөрдөх стандартуудын нэг бөгөөд дээрх стандартуудыг хэрэгжүүлж хэвшүүлсэнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх, үйлдвэрлэгчдийн эрх тэгш байдал дээшлэх, худалдааны  техникийн  саад тотгор арилах боломжтой болох бөгөөд худалдан авагчийн эрх хамгаалагдаж  итгэл үнэмшил дээшлэх чухал ач холбогдолтой юм.

Эзэлхүүний  эталон  лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Энхмаа

Leave a Reply