МОНГОЛ БОЛОН ТУРКИЙН СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГУУД 2018-2020 ОНД ХАМТРАН АЖИЛЛАНА

МОНГОЛ БОЛОН ТУРКИЙН СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГУУД 2018-2020 ОНД ХАМТРАН АЖИЛЛАНА

  • Post author:
  • Post category:d
  • Post comments:0 Comments

Өнгөрөгч гуравдугаар сард Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдаан болсон. Энэ үеэр Монгол, Туркийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах талаар хоёр тал өргөн хүрээтэй хэлэлцсэн бөгөөд хоёр улсын стандартчилал, хэмжилзүйн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Чөлөөт бүс байгуулах туршлага хуваалцах, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах талаар тохиролцсон юм.
Ингээд тус ажлыг баталгаажуулахаар 2018 оны 4-р сарын 17-нд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар болон Турк улсын Стандартын байгууллага 2018-2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталж гарын үсэг зурлаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин оролцсон бөгөөд хэлсэн үгэндээ “Монгол, Туркийн стандартчиллын байгууллагууд хамтран бүс нутгийн стандарт, хэмжилзүйн салбарт томоохонд ахиц авчрах, хамтын ажиллагааны чухал хөшүүрэг болох олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахын сацуу хоёр тал ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө гарын үсэг зурж байна. Энд тохирсноо богино хугацаанд амьдрал дээр яв цав хэрэгжүүлж, үр ашгийг нь хамтдаа хүртэх нь л хамгийн чухал. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт нөөц боломж асар их бий. Тэр дундаа Туркийн талаас суралцах зүйл бидэнд их байна. Инженер, техникийн нарийн мэргэжил, мэргэшил бүхий ажилтнууд манай Стандарт, хэмжил зүйн газарт шаардлагатай болж байгаад та бүхнийг анхаарал хандуулж, боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжихийг хүсье” хэмээн онцолсон.
Стандарт, хэмжил зүйн газар нь Турк Улсын Стандартын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байдаг ба энэ хүрээнд дараах ажлуудыг төлөвлөгөөндөө тусгажээ.
Тухайлбал, стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр худалдааг хөнгөвчлөх, зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар чөлөөтэй нэвтрүүлэхэд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, мэдээллийг харилцан солилцох, Монгол Улсын стандартын техникийн чадавхийг дээшлүүлэх төсөл хамтран хэрэгжүүлэх, Талуудын сорилтын болон шалгалт тохируулгын лаборатори хоорондын харьцуулалт гүйцэтгэх, Европын холбооны орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох зорилготойгоор Монголын үйлдвэрлэгчдийг “Аюулгүйн тэмдэг” авахыг дэмжих, Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын сургалт, шалгалт, баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллах, Тохирлын үнэлгээ, бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр хамтарсан семинар зохион байгуулах зэрэг ажлууд тусгасан юм.
Мөн хэмжил зүйн чиглэлээр хоёр улсын үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцүүлэн хэмжилзүйн стандартыг хянах хамтарсан баг байгуулах, Шинжлэх ухаан, техникийн чадавх дээшлүүлэх талаар шинжээчдийг харилцан солилцох, Хэмжилзүйн болон шалгалт тохируулгын үйлчилгээнд бүс нутгийн болон олон улсын түвшинд бие биенээ дэмжих зэрэг ажлууд багтсан байна.

Leave a Reply