ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР-2019

ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР-2019

Өнөөдөр буюу 2019 оны 5-р сарын 21-нд Стандарт, хэмжил зүйн газраас Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” сэдэвт семинар, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Дэлхий дахинаа хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, олон улсын SI системийн нэгжийг дэлхийн бүх улс оронд түгээх, дамжуулах зорилгоор 1875 онд “Метрийн Хэлэлцээр”-ийг үндэслэн байгуулсан үйл явдлыг онцлон жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.


2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жин хэмжүүрийн олон улсын 26 дахь ерөнхий бага хурлаар Олон улсын SI системийн нэгжийн тодорхойлолтууд шинээр батлагдсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тэдгээрийг хүчин төгөлдөр мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Энэхүү хэмжил зүйн түүхэн шилжилт, өөрчлөлт шинэчлэлийн үед зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, СХЗГ-ын албан хаагчид, хэмжил зүйн салбарын төлөөллүүд оролцлоо. Арга хэмжээний үеэр СХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн хэлэхдээ “Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжил зүйн энэхүү томоохон өөрчлөлтүүд хэмжлийн нэгжийн эталоны үндэс болсон квант физикийн онолыг ашигласан бөгөөд хэмжлийн нэгжийн нэгдмэл байдлыг хангах, шинжлэх ухааны ололт амжилт, үндэсний болон олон улсын худалдаа, аж үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн түүнчлэн хүрээлэн буй орчны хамгаалал, амьдралын чанарыг сайжруулах нөхцлийг бүрдүүлснээр чухал ач холбогдолтой юм” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. 


Уг семинарийн үеэр УИХ-аар шинээр батлагдсан Хэмжил зүйн тухай хуулийн/Шинэчилсэн найруулга/ танилцуулга, Олон улсын (SI) системийн хэмжлийн нэгжийн шинэ тодорхойлолтуудын талаар танилцуулга хийгдэхээс гадна Монгол Улсын салбарын хэмжил зүйн байгууллагууд өөрсдийн хэмжил зүйн үйл ажиллагаа, нэгж дамжуулалт гэх мэт дараах сэдвийн хүрээнд илтгэл мэдээллүүдийг тавьсан юм. 


– Агаарын хөлгийн шатах тослох материалын шинжилгээ, нэг дамжуулалт
– FARO лазер сканнер систем
– Агаарын чанарын хяналт шинжилгээ хэмжил зүйн асуудал
– Дэлхий нийтийн навигацийн хиймэл дагуулын систем хэрэглээ, нэгж дамжуулалт
– Авто тээврийн салбар дахь хэмжил зүй
– Эрүүл мэндийн салбарын хэмжил зүйн өнөөгийн байдал
– Эсрэг осмосын аргаар боловсруулсан усны чанар
– Ионжуулагч цацрагийн хэмжлийн нэгдмэл байдал

Leave a Reply