“АЛТНЫ СОРЬЦ ТОГТООХ, ХУДАЛДАН АВАХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОЛОЛТ, АМЖИЛТ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛУУД” зөвлөгөөн боллоо

“АЛТНЫ СОРЬЦ ТОГТООХ, ХУДАЛДАН АВАХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОЛОЛТ, АМЖИЛТ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛУУД” зөвлөгөөн боллоо

Стандарт, хэмжил зүйн газар, Монголбанк болон Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Баруун бүсэд буюу Баянхонгор аймагт, Төвийн бүсэд буюу Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг өнгөрсөн онд байгуулсан.

Ингээд нэг жилийн хугацаанд шинээр байгуулагдсан хоёр лабораторийн үйл ажиллагааг дүгнэх, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэх зөвлөгөөн 2019 оны 10-р сарын 3-нд “алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний ололт, амжилт, цаашид анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо.

Өнгөрсөн хугацаанд шинээр байгуулагдсан хоёр лаборатори 9 сарын байдлаар 632 аж ахуй нэгж, иргэдэд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 1157 килограмм алтыг хайлж, гулдмайлан сорьц тогтоосон байна. Энэхүү 2 лабораторийг байгуулснаар алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болох юм. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасаж, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашид ийм төвүүдийн тоог нэмэгдүүлснээр алтны албан бус худалдааг бууруулах, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Тус зөвлөгөөний үеэр СХЗГ-ын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат хэлсэн үгэндээ “Алт олборлолтын төв болсон Баянхонгор, Дархан-Уул аймгуудад сорьцын хяналтын салбар лабораторийг байгуулсан нь нэгдүгээрт төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй байлгах, хоёрдугаарт харилцагч үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал буюу ханшийн уналт зэрэг эрсдэлээс хамгаалагдах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн орон нутагт хийгдэж буй сорилтын үр дүн Улаанбаатарт хийгдэж буй сорилтын үр дүнтэй ижил гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.

Зөвлөгөөнд дараах илтгэл мэдээллийг тавьсан юм. Тухайлбал:

  • “Монгол Улсын алт олборлолтын өнөөгийн байдал тулгарч буй асуудал” сэдвээр ҮМСХГ-ын улсын шалгагч Б.Лутсүх
  • “Үнэт металлын сорьц тогтоох төв лабораторийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд” сэдвээр ҮМСХГ-ын лабораторийн эрхлэгч Ж.Батбаатар
  • “Алт худалдан авалт 9 сарын байдлаар” Монгол банкны эдийн засагч Д.Алтансүх
  • Баянхонгор аймгийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн мэдээлэл
  • Дархан-Уул аймгийн Үнэт металлын сорьц тогтоох лабараторийн мэдээлэл
  • “Орон нутгийн алт худалдан авалт дээр тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвүүдээр илтгэл мэдээлэл тавьж зөвлөлдлөө.

Leave a Reply