ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ  БАТАЛЛАА

ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

2019 оны 5-р сарын 9-нд буюу Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталлаа.

Хэмжил зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн 4 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх асуудлыг энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед загварын туршилтыг хэмжил зүйн агентлаг гүйцэтгэхээр тусгасныг хэмжил зүйн хүрээлэн болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал олонхын дэмжлэг авч чадаагүй. Загварын туршилт нь судалгаа, шинжилгээний чиглэлийн ажил бөгөөд хэмжил зүйн хүрээлэн гэдэг нь оноосон нэр биш, хэмжил зүйн судалгаа, шинжилгээний байгууллагын нийтлэг нэршил, олон улсад ч ийнхүү хүрээлэн гэж нэрлэдэг аж. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн эцсийн хэлэлцүүлгээр хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэх байдлаар төслийн 11.2 дахь хэсгийг өөрчлөх саналын томьёоллоор дахин санал хураалгах горимын саналыг ажлын хэсэг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэн олонх нь дэмжсэн байна.

Түүнчлэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн засварууд хийжээ.

Ингээд Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул хуулийн төслийн 11.2 дахь хэсгийн “хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэснийг “Хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэнэ” гэж өөрчлөхөөр Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжив. Түүнчлэн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувийн саналаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг гишүүдийн 65.9-69 хувийн саналаар бүхэлд нь баталсан юм.  

Үргэлжлүүлэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Байнгын хороо уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувь дэмжлээ. Иймээс Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 65.8 хувь нь тус тус дэмжиж, хуулийн төслүүд батлагдлаа.

Leave a Reply