СТАНДАРТ ЯАГААД БИДНИЙ ИРЭЭДҮЙ ВЭ?

СТАНДАРТ ЯАГААД БИДНИЙ ИРЭЭДҮЙ ВЭ?

Сүүлийн хэдэн жилд гарсан технологийн хурдтай өөрчлөлт, түүнээс үүдэлтэй шилжилтүүд биднийг дэлхийн эдийн засгийн ирээдүйд санаа зовниход хүргэв. Гэхдээ бас ирээдүйдээ итгэлтэй ч байж болох нэгэн шалтгаан байгаа нь өнөөгийн нягт холбоо бүхий дэлхийн хурдацтай өөрчлөлтүүд хүмүүсийн олон улсын стандартыг сонирхох сонирхлыг дахин сэргээж, тэр чинээгээрээ олон улсын стандартыг бүр ч илүү чухал болгож байгаа явдал юм.

Бид өөрчлөлтийг сайн мэднэ. Нобелийн шагналт дуучин Боб Дилан тэртээ 1964 онд нэгэн дуундаа “цаг хугацаа гэдэг нь өөрөө өөрчлөлт билээ” гэж дуулсан нь бий. Одоо үеийн ганц ялгаа нь өөрчлөлтийн хурданд л байна. Томас Фридман өөрийн Хоцорсонд баярлалаа: Хурдны эрин үед амжилт гаргах зөвлөгөө номондоо дэлхий ертөнцийг эргэлтийн цэг дээрээ байгаа гэж дүгнэжээ. Түүний үзэж байгаагаар бол технологи, даяарчлал, цаг уурийн өөрчлөлт манай тогтолцоог асар хурдтайгаар шинэ хэлбэрт оруулж байгаа аж. Түүний бичсэнээр энэ эрин үе бол “хурдны эрин үе”, бид хурдтай хөл нийлүүлэхгүй л бол хоцрогдож үлдэнэ гэжээ.

Технологийн “хурд”, түүний үр дагаварын тухай Фридманы бодлыг аваад үзхээр эдгээрийн “стандартчиллын байгууллагад” үзүүлэх нөлөөг бодохгүй байхын аргагүй. Юун түрүүнд, дэлхийн өнөөгийн эдийн засагт олон улсын стандартын үүрэг юу вэ? Хоёрт, байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь олон улсын худалдааны шинж чанар, үр нөлөөг харуулж байна уу?

Дээрх асуултуудад хариулахдаа даяарчлал дэлхийн улс орнуудын эдийн засаг, соёлын урьд хожид байгаагүйгээр холбож байгааг нэг санаарай. Фридманы “хурдны эрин үе”-ийн нэгэн хүчин зүйл нь даяарчлал юм. Харин олон улсын стандартгүй даяарчлал гэж байхгүй.  Олон улсын худалдаанд стандартууд ашиглахгүй бол даяарчлаад яах ч билээ дээ?

Эдгээр өөрчлөлтүүд олон улсын стандартад хэрхэн нөлөөлөх тухай, бидний эдийн засгийн ирээдүйд олон улсын стандарт ямар ач холбогдолтой болох талаар Дэлхийн худалдааны байгууллагын Худалдаа, байгаль орчны газрын зөвлөх Эрик Викстром, Дэлхийн банк группын Азийн бүсийн худалдаа, өрсөлдөх чадварыг хариуцсан менежер Парамита Дасгупта нартай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

 Дэлхийд үйлдвэрлэв

Фридман номондоо тайлбарласнаар бол эдгээр эрс өөрчлөлтийг бид амьдралынхаа алхам тутамд харж болох аж. Өнөөдөр компаниуд бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээгдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, бүтээгдэхүүн борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагаагаа дэлхий даяар тараан байршуулж олон улсыг хамарсан бүтээгдэхүүний гинжин хэлхээг бий болгож байна.

Орчин үед “Германд үйлдвэрлэв”, “Францад үйлдвэрлэв” гэсэн биш харин “Дэлхийд үйлдвэрлэв” гэвэл зохилтой бүтээгдэхүүнүүд давамгайлах боллоо. Даяарчлалын нөлөөгөөр улс орнуудын эдийн засаг, соёл хоорондоо холбогдож байна. Канад улсад борлуулагдаж байгаа машиныг Франц улсад загварчилж, Австрали улсад үйлдвэрлэсэн эд ангиар угсарч байхад Англи улсад худалдаалагдаж байгаа өмдийг Өмнөд Африкийн хөвөн даавуугаар Тайланд дахь үйлдвэрт оёж байх жишээтэй.

Олон улсын худалдааны мөн чанар ахин хувирч байна. Викстромын хэлснээр бол “Тариф, тээврийн зардал багатай өнөө үед худалдааны хэв маяг өөрчлөгдөж, үйлдвэрлэлийг хувааж тараасан байдлаар зохион байгуулж, хэд хэдэн улсын янз бүрийн пүүсийн үйлдвэрлэсэн эд ангиудыг нийлүүлж эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчийн гарт хүргэж байна. Худалдааны энэ хэв маягийг ихэвчлэн дэлхийн өртгийн сүлжээ гэж нэрлэдэг.

Түүний үзэж байгаагаар энэ хэв маяг олон улсын стандартын хэрэглээг бүр ч илүү чухал болгох юм. Тэр хэлэхдээ “олон улсын стандартад нийцсэнээр энэхүү өртгийн сүлжээний худалдагч, худалдан авагчид тухайн эд ангийг нийцтэй бөгөөд аюулгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй болох юм” гэв.

Нэг газрын амжилт, бүтэлгүйтэл дэлхий даяар хүн бүхэнд нөлөөлдөг болсон учраас олон улсын стандартын үр нөлөө маш их. Гэхдээ энд гарсан хамгийн том амжилт бол олон улсын стандартыг олон улсын худалдаанд өргөнөөр ашиглах болсон явдал билээ.

Викстромын хэлснээр бол стандарт гэдэг маш өргөн хүрээтэй учраас түүний ач холбогдлыг тайлбарлахын тулд стандартгүй үед ямар асуудал үүсдэгээр тайлбарлавал илүү хялбар байдаг. Жишээ нь: разетканд таарахгүй залгуур, цаас гацдаг принтер, огт өөр флашны оролттой компьютер, янз бүрийн дүрс хэмжээтэй банкны карт гэх мэт.

Олон улсын худалдааны хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр дээрх асуудлууд хурцаар тавигдах болсон бөгөөд хэрвээ нэг газар үйлдвэрлэгдсэн аливаа эд анги өөр бусадтайгаа нийцэхгүй, эсвэл тухайн эд анги чанарын шаардлага хангасан эсэх нь мэдэгдэхгүй бол худалдааны тарифыг тэглээд ямар ч тусгүй билээ.

Бэрхшээл, саадууд

Байдал тэр чигтээ өөдрөг ч бас биш. Худалдааны либералчлалын үр дүнд олон улсын худалдааны тарифыг бууруулж дөнгөсөн ч тарифын бус арга хэмжээг улс орнууд илүү чухалчлан үзэх болов. Эдгээр арга хэмжээ тарифыг бодвол тийм ч тодорхой биш, бас худалдаанд ихэнхдээ учир битүүлгээр нөлөөлдөг. Гэсэн хэдий ч улс орны засгийн газруул хүнсний пестицидийн үлдэгдэл, хүүхдийн тоглоомын хорт бодис зэргийг хязгаарласан хууль, бодлого хэрэгжүүлдэг нь огт үндэслэлгүй зүйл бас биш. Дэлхийн худалдааны байгууллага дүрмээрээ дамжуулан улс орнуудын төрийн бодлогын зорилтод нь тустай арга хэмжээг хөндөлгүй, харин зах зээлд нь нэвтрэхэд онцын шаардлагагүйгээр саад болж буй тарифын бус арга хэмжээг нь аль болох бууруулахыг эрмэлздэг билээ.

Викстром: Дэлхийн худалдааны байгууллагын Худалдаан дахь техникийн саад (TBT)-ын хороо сүүлийн үед тарифын бус саадаас улбаалсан хүндрэл болоод стандартын шаардлагад хэрхэн нийцэх зэрэгт ихээхэн анхаарал хандуулж байгаа. Практик дээр дээр дурьдсан зүйлс хэтэрхий их хориг саадтай, хил дээр хэт их цаг барсан арга хэмжээг арилгах (Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр), ижил төрлийн сорилтыг давтан хийхээс зайлсхийх (Худалдаан дахь техникийн саад тотгорын хэлэлцээр), пестицидийн үлдэгдлийн хязгаарыг дур зоргоороо биш харин шинжлэх ухаанд үндэслэж тогтоосон эсэхийг нягтлах (Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хэлэлцээр) зэргээр илэрч болно.

Викстромын болгоомжилдог нэгэн зүйл байдаг нь: олон улсын худалдаанд оролцох хүсэлтэй компаниуд стандарт, зохицуулалтад нийцэж чадахгүй бол тэд өртгийн сүлжээнээс “салдаг”. Ялангуяа хөгжиж буй улсын жижиг дунд үйлдвэрүүд үүнд хамгийн их өртдөг ажээ. Тэдний хувьд стандартыг хэрэгжүүлэх, эсвэл зүгээр л гадаад зах зээлийн шаардлагын тухай мэдээлэл авхад хүртэл зардлын хувьд хүндрэлтэй байдаг.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд ДХБ, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудлын газар, Олон улсын худалдааны төв (ОУХТ) хамтран ePing нэртэй, оролцогч талууд (ЗГ, аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, иргэний нийгэм)-ад гадаад зах зээл дээрх бүтээгдэхүүний шаардлагыг талаар мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилготой мэдээллийн системийг байгуулсан юм.

Викстром: Ийм учраас л ДХБ олон улсын стандартын хэрэглээг дэмждэг юм. Яагаад гэвэл олон улсын стандартууд Засгийн газрын зохицуулалтын суурь болохоос гадна тодорхой техникийн асуудлыг үр ашигтайгаар (худалдаанд саад болохгүйгээр) хэрхэн шийдвэрлэх тухай өндөр түвшний зааварчилгаа болдог билээ.

Өөдрөг үзэл ялна

Олон улсын худалдааны шинэ эрин үетэй хөл нийлүүлэхийн тулд олон улсын стандартын үр ашгийг эхлээд сайтар ойлгох хэрэгтэй. Парамита Дасгуптагийн хэлснээр “стандарт болон олон улсын худалдаа хоорондоо салшгүй, харин худалдаа нь эдийн засгийн өсөлтийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг билээ”.

“Стандарт (ялангуяа хөгжиж буй орнуудын) худалдаалж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд итгэх итгэлийг бий болгож тухайн бүтээгдэхүүн тодорхой шаардлагыг хангасан, байгаль орчинд хоргүй, хэрэглэгчид аюулгүй гэдгийг баталж өгдөг. Мөн жижиг дунд үйлдвэрлэгчдийг технологи, сайн туршлагаа түгээх замаар олон улсын түвшинд өрсөлдөхөд нь дэм болдог.”

Эдийн засгийн өөрчлөлттэй өнөө үед олон улсын стандартын үүрэг оролцоо биднийг тогтвортой хөгжилд хөтлөх, ижил тэгш байдлыг хангах, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлого (ТХБ)-ын гол бай болсон нийгэм, байгаль орчны зарим томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зэргээр илэрч байна.

Дасгуптагийн хэлснээр бол олон улсын түвшинд улс орнууд зах зээлд нэвтрэхэд гарч буй саадыг тогтвортой, системчилсэн аргаар арилгах амлалт өгсөн аж. Үүний нэг жишээ нь тогтвортой хөгжлийн төлөө олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай ТХБ 17-д хөгжиж буй орнуудын экспортыг нэмэгдүүлэх, хамгийн буурай хөгжилтэй орнуудад экспортын зах зээлд нэвтрэх боломжийг олгох тухай тусгасан явдал юм. Гэхдээ ТХБ 17-гийн худалдаатай холбоотой зарим зорилтууд тодорхой урьдач нөхцлийг шаарддаг бөгөөд тэрхүү урьдач нөхцөл нь ДХБ-ын Дохагийн хөгжлийн хөтөлбөр хэмээх хөгжиж буй орнуудын экспортын зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах зорилт бүхий дугуй ширээний хэлэлцээрийн биелэлт юм. 

Улс орны эдийн засгууд хоорондоо нягт холбоотой болсон энэ үед ТХБ-уудыг хэрэгжүүлхэд олон улсын стандартуудыг ашиглаж байгаа нь дэлхий дахинаар гаргасан хамгийн зөв шийдвэр юм. Өөрөөр хэлбэл ТХБ-ууд үр ашгаа өгвөл хамгийн буурай орнууд үүнээс шан хүртэнэ гэсэн үг. Хамгийн гол нь бүх талуудад ашигтай.

Дасгупта: “Стандартыг нутагшуулах нь ямар чухал болхыг олон салбарын жишээнээс харж болно. Олон улсын стандарт эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, зохицуулалтын сайн туршлагыг нэвтрүүлэх, техникийн саадыг арилгаж олон улсын нээлттэй худалдааг нэвтрүүлэх зэрэг Дэлхийн банк группын голлох зорилтуудад хүчтэй эерэг нөлөө үзүүлж байна.

Тэрээр яриагаа цааш үргэлжлүүлэн: “Дэлхий хурдтай өөрчлөгдөж байна. Ийм нөхцөлд хамтын ажиллагаа маш чухал. Дэлхийн банк групп Олон улсын стандартын байгууллага (ОУСБ) хоорондын хамтын ажиллагаа үүнийг нэг жишээ юм. Ингэснээр манай үйлчлүүлэгчид ОУСБ-ын техникийн мэдлэгт нэвтрэх боломжтой болсон. Бидний хамтарсан голлох зорилтуудын дунд задлан шинжлэх, техникийн туслалцаа, хамтарсан сургалт үйл ажиллагаа зэрэг багтсан байдаг.”

Стандартын үйлчлэлд хувийн хэвшлийн салбарын оролцоо голлох үүрэгтэй гэж Дэлхийн банк групп үздэг. Хөгжиж буй орны компаниудыг стандарт нэвтрүүлж худалдаанд оролцход нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хөгжлийн түншүүд загвалчилж, хэрэгжүүлэх арга зам удахгүй өөрчлөгдөх гэж байна. Төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг одоо сайн дураар биш харин зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

Ирээдүй

Худалдааны хэлэлцээрт саад гарлаа гээд худалдаа зогсчихно гэсэн үг биш. Харин ч Дасгуптагийн хэлснээр энэ нь байгууллага, олон улсын хооронд шинэ хамтрал үүсгэх шаардлагатайг илтгэж буй хэрэг юм. Ирээдүйтэй энэ хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын тулд дэлхий нийтээрээ урагш алхах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хамтарч байж л амжилтанд хүрнэ.

Нээлттэй, шудрага худадаанаас бүгд ашиг хүртдэг. Олон улсын стандартаас ч мөн адил. Бидний амьдарч буй дэлхий төгс төгөлдөр биш, гэхдээ төгөлдөржүүлж болно. Хамтарч ажиллавал бид урагшилж, өөрчилж чаддаг гэдгийг түүх аль хэдийн нотлоод өгсөн.

Бид хамтдаа худалдаан дахь саадыг багасгаж, тогтвортой, ил тод худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлснээр хүн төрөлхтөнд жинхэнэ өөрчлөлтийг авч ирж чадна. Эдийн засгийн ирээдүйд олон улсын стандарт голлох хүчин зүйл болно. Бид хамтдаа хөдөлмөрлөж урагш ахих эсвэл ганцаараа үлдэж хоцрох гэсэн салаа замын эхэнд ирлээ…

ISOFOCUS сэтгүүлээс орчуулсан Б.Галпүрэв

Leave a Reply