ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН КОМИССЫН 83 ДУГААР ЕРӨНХИЙ ХУРАЛДААН БОЛОО

ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН КОМИССЫН 83 ДУГААР ЕРӨНХИЙ ХУРАЛДААН БОЛОО

БНХАУ-ын Шанхай хотноо 2019 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс(ОУЦТК буюу IEC)-ийн 83 дугаар Ерөнхий хуралдаанд манай улсыг төлөөлөн, Цахилгаан техникийн үндэсний хорооны төлөөлөгчид оролцлоо. 

ОУЦТК (IEC)-ийн Ерөнхий хуралдаан жил бүр зохион байгуулагддаг бөгөөд олон улсын түвшинд цахилгаан техникийн стандартчилал, тохирлын үнэлгээний тулгамдсан асуудлууд, стратегийн шинэ чиг хандлагыг хэлэлцэн, Цахилгаан техникийн үндэсний хороодыг мэдээлэл, арга зүйгээр хангадаг хамгийн том арга хэмжээ юм. Уг арга хэмжээний хүрээнд IEC Техникийн хороодын хурлууд тогтмол зохион байгуулагддаг. Энэ удаагийн Ерөнхий хуралдаан болон 70 гаруй Техникийн хороодын хуралд 90 гаруй орны 3600 гаруйн төрөөлөгчид оролцлоо.

IEC GM 83 Ерөнхий хуралдааны гол онцлог нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудад анхаарал хандуулан IEC хандлагыг төлөвшүүлэх, стандартчилал, тохирлын үнэлгээний системд тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн сэтгэлгээг бий болгоход чиглэж байв.    

Манай төлөөлөгчид  ОУЦТК буюу IEC-ийн Түншлэгч орнуудын форум, Түншлэгч орнуудын Цахилгаан техникийн үндэсний хороодын нарийн бичгийн дарга, дарга нарын семинар, Аж үйлдвэржиж буй орнуудад зориулсан семинар болон IEC TC 61-Ахуйн цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал,  IEC TC 57- Эрчим хүчний системийн удирдлага, мэдээлэл солилцоо  техникийн хороодын хуралд оролцлоо.

Уг хуралдааны үеэр хөгжиж буй орнуудыг олон улсын стандартчилалд идэвхтэй оролцох, CD (Committee Draft), CDV (Committee Draft for Voting) шатуудад санал өгөх, тохирлын үнэлгээний үр ашгийг хүртэхийн чухлыг онцолж, IEC 62257 “Хөдөөгийн эрчим хүчний хангамж” стандартын төсөл саналаа өгөхийг уриалсан.  Түүнчлэн Ахуйн цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал IEC TC-61 дүгээр Техникийн хорооноос санаачлан “Ахуйн цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлын үзүүлэлт газар зүйн өндөржилтөөс хамаарах нь” олон улсын стандартын төсөл боловсруулж байгаа бөгөөд Монгол улсын мэргэжилтнүүдийг төсөлд санал өгч, хамтран ажиллахыг урьсан юм.  

Түүнчлэн Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс дараа үеийн стандартчилагчдыг бэлтгэхэд анхаарч, IEC Академийг шинээр байгуулсан бөгөөд нь webinar, elearning, үндэсний семинаруудыг зохион байгуулж байна.

Leave a Reply