XIX зууны хоёрду гаар хагаст 1875 оны 5 сарын 20-нд Франц, Орос, Герман, АНУ, Итали зэрэг  дэлхийн томоохон 17 улс метрийн хэлэлцээрт нэгдэн гарын үсэг зурснаар “метрийн систем” нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм.  Метрийн хэлэлцээр нь метрийн систем дээр үндэслэсэн хэмжигдэхүүний нэгжийн нэгдмэл байдлыг хангах хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд шинжлэх ухаан, техникийн хөгжилд маш чухал ач холбогдолтой үйл явдал болсон байна. Хэмжигдэхүүний нэгжийн эталоныг хадгалах, судлах хөгжүүлэх, тэдгээрийн утгыг бусад улсын эталонд дамжуулах, физикийн суурь тогтмолуудыг тодорхойлон эталоны нарийвчлалыг дээшлүүлэх, олон улсын нэгжийн метрийн системийг боловсронгуй болгох зохицуулах үүрэгтэй эрдэм шинжилгээний байгуулага бол Олон Улсын Жин Хэмжүүрийн Товчоо (BIPM) юм. BIPM-ийн гишүүн орнуудын форум буюу олон улсын жин хэмжүүрийн ерөнхий бага хурал (CGPM)-ыг дөрвөөс зургаан жил тутамд хуралддаг.  Энэ хурлаар олон улсын нэгжийн системийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, батлах талаар чухал шийдвэрүүдийг гаргадаг. 1960 оны CGPM–ийн 11-р ерөнхий бага хурлаар хэмжигдэхүүний метрийн системийг 6 үндсэн нэгж, 27 уламжилсан нэгж, 2 нэмэлт нэгж, аравтын эрэмбээр үүсэх 12 угтварын бүтэцтэй олон улсын нэгжийн системийг (францаар Systeme International d’Unites буюу “SI” гэх) нэртэй албан ёсоор баталсан. 1971 онд CGPM–ийн 11-р ерөнхий бага хурлын шийдвэрээр бодисийн тоо хэмжээний нэгж “моль”-ийг үндсэн нэгжээр нэмж 7 үндсэн нэгжтэй болсон байна. “SI” системийн үндсэн ба уламжилсан нэгжүүд, тэдгээрийн тодорхойлолт, хэмжигдэхүүн ба нэгжийн угтваруудыг  хэрхэн тэмдэглэх, хэрэглэх дүрмийн гарын авлагыг (брошюрыг)  BIPМ-ээс  эрхлэн гаргадаг бөгөөд 1960 оноос хойш SI-н гарын авлага нийт 8 удаа хэвлэгдсэн ба одоо 9 дэх хэвлэлийн төслийг CGPM-аар хэлэлцүүлж байна.               

2011 оны Жин ба Хэмжүүрийн Олон Улсын (CGPM)  24-р ерөнхий бага хурлаас нэгжийн “SIсистемийн үндсэн 7 нэгжийн тодорхойлолт нь цаг хугацаа, орон зайн хувьд үл өөрчлөгдөх физикийн үндсэн тогтмолууд дээр суурилан гарах ба хаана ч, хэн ч, хэзээ ч бий болгох, ашиглах боломжтой байхаар байна гэж томьёолсон байна. Өөрөөр хэлбэл эдгээр тодорхойлолт нь хугацааны турш маш тогтвортой,  хоорондоо уялдаа холбоотой,  хэрэгжүүлэх боломжтой байх ёстой юм. Энэхүү зайлшгүй шаардлагад хүрэхийн тулд физикийн суурь тогтмолууд дээр үндэслэсэн системийг бий болгох хэрэгтэй болсон. “Шинэ-SI”  системийг бий болгоход нэн түрүүнд шийдвэрлэх асуудал нь массын нэгж “килограмм”-ыг  Планкийн тогтмол эсвэл Авогадрын тогтмолын аль нэг дээр үндэслэн  тодорхойлох явдал  бөгөөд хэмжлийн харьцангуй эргэлзээ 2∙10-8 -аас ихгүй байх, вакуум орчинд тогтоогдох утга нь одоо мөрдөгдөж буй массын нэгж дамжуулалттай холбох аргачлал батлагдсан байх, Больцманы тогтмолын утга 1∙10-6 –ийн эргэлзээтэй тогтоогдох шаардлагатай байв.

     BIPM болон дэлхийн тэргүүлэгч улсуудын хэмжил зүйн хүрээлэнгүүд SI системийн үндсэн нэгжийг  дээрх физикийн суурь тогтмолууд дээр үндэслэсэн тодорхойлолтыг бий болгохоор хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны олон жилийн нөр их ажлын дүн гарч, 2018 оны 11 сарын 26 нд хуралдсан CGPM-ын 26-р ерөнхий бага хурлаар албан ёсоор баталлаа. Одоогийн  “SI” системийн килограмм, Ампер, Кельвин, моль гэсэн 4 үндсэн нэгжийн тодорхойлолт шинэчлэгдэж, SI систем  бүхэлдээ өөрчлөгдөж байна. Үнэндээ энэ өөрчлөлт нь 1960-аад оноос эхэлсэн, тухайлбал 1967 онд цаг хугацааны нэгж “секунд”-ийг атомын цацаргалтын тогтмол давтамжаар,1983 онд уртын нэгж “метр”-ийг вакуум дах гэрлийн хурдаар шинэчлэн тодорхойлсон билээ.

Энэхүү шинэ SI системийг 2019 оны 5 сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөнө. Үндсэн 7 нэгжийн тодорхойлолтын томьёолол нь  бүгд байгалийн суурь тогтмол дээр үндэслэгдсэн, нэг ижил форматтай байна. Уламжилсан нэгжийн тодорхойлолт, одоо мөрдөж буй нэгж дамжуулалтын тогтолцоонд нөлөөлөхгүй юм.

Мөн CGPM-ын 26-р ерөнхий бага хурлаар Жин ба хэмжүүрийн олон улсын товчоо BIPM-оос  “SI” системийн 9-р гарын авлагын төслийг эцэслэн батласан бөгөөд ба үүнд үндсэн 7 нэгжийн тодорхойлолтыг дараах байдлаар  томьёолсон байна.

Close Menu