Монгол-Хятадын стандартчиллын хамтын ажиллагааны сургалт эхэллээ

Монгол-Хятадын стандартчиллын хамтын ажиллагааны сургалт эхэллээ

2019 оны Монгол-Хятадын стандартчиллын хамтын ажиллагааны сургалт  8 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын Жанг Су мужийн Чанг Жөү хотод нээлтээ хийлээ

Сургалтыг БНХАУ-ын  Худалдааны яамнаас зохион байуулж байгаа бөгөөд Жанг Сү  мужийн Чанарын хяналт, хорио цээрийн судалгааны төв хариуцан явуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Чанг Жөү хотын Хилийн хяналтын газрын дэд дарга Жэнь Ан Минг, тус мужийн Чанарын хяналт, хорио цээрийн судалгааны төвийн хэлтсийн эрхлэгч Жанг Тонг нар оролцлоо.

Нээлтийн үеэр Монголын талыг төлөөлж Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвийн дарга Ч.Хатанбаатар үг хэлэхдээ: “Монгол улс болон БНХАУ нь Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд талуудын 2018 оны 3-р сарын 12 өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ажлын шинэчилсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу энэхүү сургалтыг Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчдад зориулан монгол хэл дээр зохион байгуулж байгаад талархаж байна.

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд энэ оны 9-р сарын 6-аас 10-ны өдрүүдэд Монгол-Хятадын Эдийн засаг, худалдааны 3-р үзэсгэлэн худалдаа Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хот, Улаанцав хотуудад болно. Түүнчлэн 2021 онд БНХАУ болон Монгол Улсын хооронд Эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар судалгааны ажлууд эхлүүлээд байгаа юм.

Цаашид хоёр улсын стандартчиллын хамтын ажиллагааны хүрээнд энэ төрлийн сургалт семинарын ач холбогдол улам ихсэж, олон олон сургалт зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

Жанг Су мужийн Чанарын хяналт, хорио цээрийн судалгааны төв нь Хил гаалийн хяналтын төвд хамаардаг бөгөөд 2006 оноос Худалдааны яамны Гадаад тусламжийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна.  Тус төвөөс өнгөрсөн хугацаанд нийт 158 удаагийн олон улсын сургалтыг англи, франц, орос, араб, испани, португаль, камбож хэл дээр зохион байгуулж 165 орны 4400 мэргэжилтэн хамрагдсан байна.  

Энэ удаагийн сургалт нь монгол хэл дээр анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд  БНХАУ-ын стандарчиллын тойм, тэр дундаа хөдөө аж ахуйн болон газрын тосны үйл ажилагааны стандартчиллын систем, аялал жуулчлалын үйлчилгээний болон цахим орчны стандартыг танилцуулж шинэ арга туршлагыг харилцан солилцож, цаашид хамтран ажиллахад чиглэж байна.

Leave a Reply

Close Menu