МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад Стандартчилал, хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг манай сайтаар зочилж байгаа та бүхэндээ өргөн дэвшүүлье. Үе үеийн салбарын ахмадууд, ажилтан албан хаагчид, хамтран ажиллагч байгууллагууд, эрхэм та бүхэндээ энэхүү сайтаараа дамжуулан уулзаж байгаадаа баяртай байна.
Монголчууд эрт цагаас эхлэн ахуй амьдралдаа хэв маяг, зан заншил, сургааль болгон ирсэн зарим ойлголтууд нь одоогийн стандартын нэгэн ижил ойлголт бөгөөд ард түмний дунд бичигдээгүй стандарт болон хөгжсөөр иржээ.
Ардын засгийн анхны он жилүүдэд ууган яамдын нэг болох Сангийн яамны дэргэд “Жин хэмжүүрийн тасаг” нээгдсэн нь гагцхүү манай салбарын үүсэл хөгжил, үндэс суурь нь байсан юм. 3 хүний орон тоотойгоор суурь нь тавигдаж байсан манай салбар өдгөө 21 аймагт салбар хэлтэстэй 720 гайруй албан хаагчтай нийгмийн хүлээлт, шаардлагад нийцсэн салбар болон хөгжиж байна.
Харин манай Хөвсгөл аймагт анх 1981 онд 3 хүний орон тоотой “Үнэ чанарын хэлтэс” байгуулагдаж байсан бол өдгөө орон нутгийн хэмжээнд салбарын бодлого үйл ажиллагааг зохион байгуулах 19 албан хаагчтайгаар төрийн ажил үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэж байгаа билээ.
Өнөөгийн бид бүгдийн ажил үйлчилгээний үр дүн, хүлээн зөвшөөрөгдсөн байдал нь энэ салбарт ажиллаж байсан үе үеийн эрхэм ахмадууд, албан хаагчид, хамтран ажиллагч байгууллага иргэд та бүхний гавьяа мөн гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.