Нэр төрөө сэргээлгэх шүүхийн шийдвэр гарчээ

 Shuuh shiidver


      Сүүлийн жилүүдэд цахим хэвлэл эрчимтэй хөгжиж, мэдээллийн шинэ орон зай, боломжийг нээж, хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа хэдий ч захиалгатайгаар хүний нэр хүндийг гутаах мэдээ, мэдээлэл нилээдгүй цацагдах болсон. Үүний нэг жишээ бол Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, нийтлэл цацагдсан явдал юм.
      Энэхүү мэдээ, нийтлэлийг олон нийтэд түгээсэн DORGIO.MN сайтад БЗД-ийн Цагдаагийн хэлтсээс зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж байсан тухай мэдээллэж байсныг санаж байгаа биз ээ.
       Тэгвэл Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчид нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн дагуу шүүх хурал 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр болж өнгөрлөө.
      Шүүх хуралдаанаар нэхэмжлэх гаргасан Г.Гантөмөр, Г.Өнөржаргал, Д.Болд, С.Ганцэцэг, Д.Дамбасүрэн нарын албан хаагчдын нэр төрийг сэргээх, тараасан хэлбэр хэрэгслээрээ залруулга хийлгэхийг DORGIO.MN сайтад даалгаж, гэм хор учруулсан гэж зохих нөхөн төлбөр олгохоор Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ.
      Монгол Улсын иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт:  /Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ/ гэж заасан байдаг аж.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он