NEWS.MN, ZALUU.COM, OLLOO.MN сайтууд Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдаас хүлцэл өчиж залруулга хийлээ

залруулга 2

      Баримт нотолгоогүйгээр хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг түгээсэн NEWS.MN, ZALUU.COM сайтууд Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдаас хүлцэл өчиж залруулга хийлээ.

      NEWS.MN сайт: Манай сайтад 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр сурвалжлагч Д.Уламбаярын бэлтгэсэн “СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг шалгаж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Энэхүү мэдээллийг бэлтгэсэн сурвалжлагч нь эх сурвалжаа тодорхой дурдаагүй, баримтыг эцэслэн нотлоогүй алдаа гаргасан байх тул Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдаас хүлцэл өчиж байна.

      ZALUU.COM сайт: 2017 оны 12 сарын 7-ны өдөр “Стандартчилал хэмжил зүйн газрын удирдлагууд  хууль зөрчсөн үү “ гарчигтай нийтлэл манай сайтад нийтдэгдсэн юм. Уг нийтлэлд “Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тэргүүтэй нөхөд сүүлийн жилүүдэд албан тушаалын эрх мэдлээ ашиглаж”, “Ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг шударга бусаар илт нэг хүнд зориулж хууль дүрмийг зохион байгуулсан”, ”Стандартын товхимолыг итгэмжлэх авах гэж байгаа байгууллагуудад борлуулж, орлогыг бэлэн мөнгөөр авдаг, байгууллагын дансаар авдаггүй”  зэрэг асуудал хөндөгдсөн билээ. Гэвч энэ  мэдээллийн эх сурвалж нь  ташаа байж, тус байгууллага болон нэр бүхий  хүмүүсийн албан ажлын нэр хүндэд халдсан явдал болсон тул залруулга хийж, хүлцэл өчиж байна.

      Иймд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай Монгол Улсын хуулийн 3.1 дэх хэсэгт Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэл нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэсэн заалтын дагуу энэхүү залруулгыг гаргаж, уучлал гуйж байна. Мөн энэхүү нийтлэлийг нягтлалгүй гаргасан сэтгүүлчид хариуцлага тооцно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

      OLLOO.MN сайт: Манай сайтад 2017 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр “Дарга, албан тушаалтнуудын шахааны бизнес ил болов уу” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Энэхүү мэдээллийг оруулахдаа эх сурвалжаа тодорхой дурдаагүй, баримтыг эцэслэн нотлоогүй алдаа гаргасан байх тул Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдаас хүлцэл өчиж байна.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он