Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн - 2018

uaz 2018
      Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2018 оны 2-р сарын 28, 3-р сарын 1-ний өдрүүдэд “Эрх зүйн шинэчлэл-Манлайлал” уриан дор зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын дэд дарга Д.Дарь Сүхбаатар, СХЗГ-ын дэд дарга Б.Билгүүн болон төв, орон нутгийн удирдлагууд оролцож байгаа юм.

      Стандарт, хэмжил зүйн газрын дарга зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэлэхдээ "Энэ удаагийн Салбарын удирдах зөвлөгөөний зорилго нь 2017 оны үйл ажиллагааны тайлангаа дүгнэх, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлох, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх, нэгдсэн шийдэлд хүрэх, Төрийн ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах бүх шатанд хууль дээдлэх зарчим, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай манлайлан ажиллахад чухал ач холбогдолтой юм" хэмээн онцолсон.
      Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг 2017 оны 12-р сарын 21 өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулсан бөгөөд тус хууль 2018 оны 7-р сарын 1 өдрөөс мөрдөгдөж эхлэх юм. Тиймээс энэхүү хуулийг Стандарт, хэмжил зүйн газрын салбар нэгжүүд болох 20 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд таниулан сурталчилах зорилгоор Стандарт, хэмжил зүйн салбарын зөвлөгөөний голлох сэдэв болгон дараах илтгэл, мэдээллүүдийг тавьсан юм. Тухайлбал:
-    Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчлэлийн бодлого, баримтлах чиглэл
-    Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн эрх зүйн байдал, хуульд орсон өөрчлөлтүүд
-    Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалтын чиглэлээр баримтлах зарим асуудал, хуульд орсон өөрчлөлтүүд
-    Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөхөд журмын тухай хуультай уялдуулан гаргах дүрэм, журмын талаар
      Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль хэрэгжсэнээр бараа, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чанар, аюулгүйн шаардлагыг стандартаар тогтоох, түүнийг үнэлэх, хүлээн зөвшөөрч баталгаажуулах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчноо олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлэн шинэчлэх аж. Түүнчлэн хуулинд дараах өөрчлөлтүүд оржээ.
•    Хэрэглэх стандартаа чөлөөтэй сонгох боломжтой болсон
•    Техникийн зохицуулалтад аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг тусгахаар хуульчилсан
•    Тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн идэвхи, оролцоог нэмэгдүүлсэн
•    Итгэмжлэлийг бие даасан, хараат бус байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан
•    Гадаад, дотоод худалдаанд учирдаг саад тотгорыг багасгах нөхцлийг бүрдүүлсэн.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он