Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудад үзлэг, шалгалт явууллаа

darhan2 1sar
      Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь “Хуулиа мөрдье-21”, “Сэрэмжилье-Нэгдье” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн Цагдаагийн газартай хамтран Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 62 ААН, иргэний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудад “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5274:2017” шинэчилсэн стандартын хэрэгжилтийг хангуулах, мэдээлэл өгөх, танилцуулах зорилгоор 1-р сарын 25-26-ны өдрүүдэд үзлэг, шалгалтыг 44 газарт явуулсан ба шалгалтанд хамрагдаагүй буюу ажиллахгүй, хаалттай 18 газар байв.  
      Үзлэг шалгалтын явцад хүнсний дэлгүүр болон согтууруулах ундааны борлуулалт, үйлчилгээ явуулж буй эзэмшил талбайд байрласан, ажлын байр нь 20,0 м2–аас хүрэхгүй талбайтай, хүлээж авсан бараа, материал, бичиг баримт, эд зүйлсийг хадгалах тусгай өрөөгүй, үйлчилгээний газар нь программ хангамж, сүлжээ, цахим бүртгэл хөтлөн явуулахад хэрэглэгдэх боломж шийдэлтэй шаардлага хангасан техник тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, цахим бүртгэлийн системд эрх бүхий байгууллага болон түүний зөвшөөрсөн холбогдох аж ахуйн нэгжийн албан тушаалтан хандах, зөвхөн өөрт хамааралтай мэдээлэл авах боломжгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн.
      Цаашид “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5274:2017” шинэчилсэн стандартын дагуу үйлчилгээ эрхлэх боломжийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагаар эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн үнэлгээ /галын байгууллага, цагдаа г.м/ хийлгэх, камер, дохиолол хамгаалалтад хамрагдаж, зээлдэгчийн барьцааны эд зүйлсийн бүрэн бүтэн, аюул эрсдэлгүй байдлыг хариуцах, ажилтан, алба хаагч нь сургалт, зөвлөгөөнд хамрагдах, татварын нэгдсэн системд холбогдож, кассын машин, хэвлэх төхөөрөмжийг бүрдүүлэн стандартыг хангаж, орон нутгийн эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах эрх, цагийн хуваарийг аван ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он