“Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт боллоо

сав баглаа боодол

     Монгол Улсын Засгийн газрын “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтыг ХХААХҮЯ 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгууллаа. Уг зөвлөлдөх уулзалтад “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүүлэх яам, агентлагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, мөн манай улсад суугаа гадаадын ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, хөтөлбөр, төслийн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм.
     Стандарт, хэмжил зүйн газраас тус зөвлөлдөх уулзалтанд Сав баглаа боодлын стандартчилал, “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар СБТДАГ-ын мэргэжилтэн Д.Даш-Янжмаа илтгэл тавьж оролцов. Мөн зөвлөлдөх уулзалтанд хүнсний зориулалтын бус савны хэрэглээг хязгаарлах, хуванцар савыг хэрхэн байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр устгах буюу ашиглах, хүнсний сав баглаа боодлын талаар хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог хэрхэн төрийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах талаар өргөн хэлэлцсэн юм.
     Цаашид “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тодорхой төслүүд (Худгийн ундны усны сав, сүү, цагаан идээний сав, уламжлалт сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих гэх мэт) хэрэгжих бөгөөд сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүнсний зориулалтын сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдлыг хянах, лабораториудын чадавхийг сайжруулах ач холбогдолтой.

СБТДАГ

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он