2017 оны аймгийн шилдэг Чанарын менежер шалгарлаа

11sar13
     “Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлөөс жил бүр аймгийн шилдэг чанарын менежерийг шалгаруулдаг уламжлал тогтоод өдгөө 5 жил болж байна.
     Энэхүү шалгаруулалтыг журмын дагуу 11 үзүүлэлт бүхий шалгуур хуудсаар дүгнэдэг бөгөөд “Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, тэдгээрийн хэрэгжүүлэх зорилтууд, хүрэх арга замыг хэр зөв оновчтой тодорхойлсон, хэрэглэгчдийн болон хамтрагч байгууллага, хүмүүсийн эрэлт хэрэгцээ, ашиг сонирхлыг харгалзан үздэг байдал, олон улсын чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан байдал, үр дүн” зэргийг харгалзан үздэг.
     2017 онд аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан аймгийн шилдэг чанарын менежерээр шалгарч 2017 оны 11-р сарын 7-ны өдөр өргөмжлөл, цомыг гардууллаа.
     Д.Жаргалсайхан нь “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуульд заасан “Судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх” зарчмыг бодит ажил болгон ажилладаг бөгөөд төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажилд гар бие оролцон, “Чанарын баг”-ийг байгуулж, төрийн үйлчилгээг шуурхай НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ЧИРЭГДЭЛГҮЙ болгох, үйл ажиллагаандаа хяналт тавих, байнгын сайжруулалт хийх, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж байгаа удирдах албан тушаалтан юм.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он