Португал улсын Порто хотод зохион байгуулагдсан Олон улсын сорьцын байгууллагуудын холбооны хуралд оролцов

portugalTailan


      Португал улсын Порто хотод Олон улсын сорьцын байгууллагуудын холбооны хурал 2017 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлын үеэр Порто хотын Сорьцын байгууллагын үйл ажиллагаа болон Щвейцарийн Мендрисод Монгол банкны алт экспортлодог “Argor heraeus” алт цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай Үнэт металлын сорьцын хяналтын газрын улсын ахлах байцаагч Ч.Оюунтуяа, химич Т.Шижирбаатар нар танилцаж туршлага судлаад ирсэн байна.
     Хуралд 24 орны 51 төлөөлөгч оролцож Олон улсын сорьцын байгууллагуудын холбооноос зохион байгуулсан холбооны гишүүн лабораториудын чадавхийг үнэлэх ур чадварын сорилтын үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийв. Мөн цаашид ур чадварын сорилтыг зохион байгуулах үйл ажиллагааны зардал, гишүүнчлэлийн татварын асуудлуудын талаар санал солилцсон юм. Хуралд оролцогчдод ОХУ-ын төлөөлөгчид гоёл чимэглэлийн үйлдвэрт нэвтрүүлэх гэж буй шинэ төсөл QR кодын талаарх танилцуулга, Германы “Fischer” компанийн шинэ XRF тоног төхөөрөмжийн танилцуулга, мөн XRF-ээр үнэт эдлэл шалгах шинэ стандартыг гаргах  талаар мэдээлэл өгсөн юм.
    Щвейцарийн Мендрисо хотод алт цэвэршүүлэх “Argor heraeus” цэвэршүүлэх үйлдвэрийн алт, мөнгө цэвэршүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй технологи, алт, мөнгөний шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа болон шинжилгээнд нэвтрүүлж буй шинэ технологитой танилцаж Үнэт металлын сорьц тогтоох лабораторит нэвтрүүлэх боломжийг судлан шаардлагатай мэдлэг, мэдээллийг  авчээ.  

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он