Орхон аймаг нийгмийн хариуцлагыг онцолж байна

 06NOVorhon 4
     “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 14-нд Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC), Олон улсын стандартчиллын байгууллага (ISO),  Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын гишүүн байгууллагууд тэмдэглэдэг. Энэ өдрийг  жил бүр тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг  бөгөөд энэ жил Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-аас  тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн 4 чиглэлийг онцлон үзэж   “Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно”  гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
     Дэлхийн улс орнууд ухаалаг хотыг бий болгоход  ISO 37101 Оршин суугчдын тогтвортой хөгжил, ISO/IEC 30182:2017 Ухаалаг хотын загвар хандлага - Өгөгдлийн харилцан үйлчлэлийн загварыг бий болгох удирдамж, ISO/TS 37151:2015 Ухаалаг дэд бүтэц ба оршин суугч - Гүйцэтгэлийг хэмжих зарчим ба шаардлага, ISO 37120:2014 Оршин суугчдын тогтвортой хөгжил Хотын үйлчилгээ болон оршин суугчийн амьдралын чанарын үзүүлэлтүүд, ISO/IEC AWI 21972 Мэдээллийн технологи - Ухаалаг хотын үзүүлэлтийн дээд түвшний хандлага,  ISO 26000 Нийгмийн хариуцлага зэрэг стандартуудыг  хэрэгжүүлж байна.
     Орхон аймгийн хувьд нийгмийн хариуцлагыг онцлон авч үзэж, Олон улсын стандартын дагуу нийгмийн хариуцлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, аймгийн өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах байгууллагын тоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжих  зорилгоор  Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлж байна. Дээрх ажлын хүрээнд  Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуй, нэгж байгууллагуудын удирдах ажилтнуудын “Нийгмийн хариуцлагын тухай” ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, улмаар стандартын дагуу нийгмийн хариуцлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд шаардлагатай менежментийн тогтолцооны стандартуудыг  танилцуулах зорилгоор “Олон улсын стандартын академи” -тай хамтран 2017 оны 10-р сарын 30-ны өдөр “ Нийгмийн хариуцлагын удирдамж /зөвлөмж /   MNS ISO 26000 стандартыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хагас өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг  аймгийн Засаг даргын орлогч  А.Түвшинжаргал  нээж  уг сургалтын ач холбогдол, үр нөлөөний талаар үг хэллээ.
     Сургалтанд нийт 30 байгууллагын 37 ажилтан хамрагдсан байна. Сургалтаар Нийгмийн хариуцлагын удирдамж /зөвлөмж/  MNS ISO 26000:2012, Чанарын менежментийн  тогтолцоо - Шаардлага MNS ISO 9001:2016, Байгаль орчны менежментийн тогтолцоо. Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар MNS ISO 14001:2016  зэрэг стандартуудын танилцуулгыг  Олон улсын аудитор, сургагч багш П.Тунгалаг, Г.Туул нар хүргэсэн байна.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он