БНСУ-ын Эталоны эрдэм шинжилгээний хүрээлэн (KRISS)-ийн Хэмжил зүйн олон улсын академи (GMA)-д “Масс болон холбогдох хэмжигдэхүүнүүд” хэмжлийн чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа

17041101

Хөгжиж буй орнуудын хэмжил зүйн байгууллагын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн олон улсын сургалтыг зохион байгуулж байгаа Хэмжил зүйн олон улсын академи (GMA)-ийн санаачлагаар БНСУ-ын Эталоны эрдэм шинжилгээний хүрээлэн (KRISS)-д 2017 оны 3 сарын 17-ноос 3 сарын 31-ны хооронд “Масс болон холбогдох хэмжигдэхүүнүүд” сэдэвт сургалтанд ХХШБГ-ын ШТА-ны мэргэжилтэн Д.Батсүх хамрагдлаа.

Сургалтад Индонез, Вьетнам, Кени, Малайз, Филипин, Монгол, Колумба, Болива, Пакистан зэрэг орны хэмжил зүйн байгууллагуудаас 18 мэргэжилтэн, Солонгосын Шинжлэх ухаан технологи их сургууль (UST - ШУТИС)-ийн 1 оюутанд дараах сургалтын хуваарийн дагуу хичээлийг БНСУ-ын ЭЭШХ-ийн доктор, профессорууд заасан юм. Үүнд:

1. БНСУ-ын үндэсний эталоны тогтолцоо
2. Чанарын удирдлагын тогтолцоо
3. Хэмжлийн нэгж дамжуулалт
4. Хэмжлийн эргэлзээ
5. Массын эталоны нэгж дамжуулалт
6. Туухайны шалгалт тохируулга болон хэмжлийн эргэлзээг тооцоолох (дадлага ажил, бие даалт )
7. БНСУ-ын ЭЭШХ дэх хүчний эталоны тухай
8. Хүчний хэмжлийн багажын танилцуулга (дадлага ажил)
9. Хүчний эталоны нэгж дамжуулалт
10. Хүчний хэмжлийн багажны шалгалт, тохируулга
11. Мушгих хүчний эталоны шалгалт тохируулга, нэгж дамжуулалт (дадлага ажил)


Сургалтын сэдэв тус бүр дээр хэмжил зүйн онол, олон улсын эталоны нарийвчлал, тодорхойлолт, хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажлуудын танилцуулга, эталоноос хэмжих хэрэгсэлд нэгж дамжуулах шалгалт тохируулгын арга, аргачлал, хэмжлийн эргэлзээг тооцоолох зэрэг онол, дадлага, ярилцлага хосолсон байдлаар хичээлийг орсон.

Мөн өөрсдийн сонирхсон болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлуудыг тодруулах, зөвлөгөө авах, бусад орны оролцогчдоос тухайн орны хэмжил зүйн байгууллагын онцлог, масс болон холбогдох хэмжигдэхүүний эталоны чадавхи, шалгалт тохируулгын ажлын гүйцэтгэл, аюулгүй байдал, техникийн хангамжийн талаар харилцан ярилцаж санал, туршлага судлаж, манай орны хувьд ШТА-ны хүчний лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах тал дээр дэмжлэг авах, ажлын эталон багажийг шалгалт тохируулгад хамруулахад туслалцаа хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

 

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он