МОНГОЛ БАНКНЫ ЭРДНЭСИЙН САНД ТУШААХ АЛТАН ГУЛДМАЙГ БИТҮҮМЖИЛЭХ, ТҮҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЭЖ ХАДГАЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

IMG 0876

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Монгол Улсын засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын сорьцын хяналтын дүрэм”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанк болон арилжааны банкинд тушааж байгаа алтан гулдмайг битүүмжлэх, тэрхүү гулдмайнаас сорьц тогтоох шинжилгээнд авсан дээжийг уг алтан гулдмайг экспортод гаргаж шинжилгээний хариу маргаангүй нь батлагдах хүртэл түр хугацаагаар хадгалахад энэхүү журмыг мөрдөнө.
  2. Энэхүү журмын зорилго нь экспортод гаргасан алтыг цэвэршүүлэх явцад алтан гулдмайн сорьц тогтоосон шинжилгээний дүн зөрөх тохиолдолд тухайн алтан гулдмайн үлдэгдэл дээжинд арбиторын шинжилгээ хийхэд оршино

Хоёр. Дээжийн хадгалалт, хамгаалалт

  1. Алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн шинжилгээнд ирүүлсэн алтан гулдмайнаас өрөмдөж авсан дээжинд шинжилгээ хийж, үлдэгдэл дээжийг Сорьцын хяналтын хэлтсийн уул уурхайн асуудал хариуцсан улсын байцаагчийн хяналтын дор Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн эрхлэгчийн хариуцлагад түр хугацаагаар хадгална.
  2. Дээжийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэр, гулдмайн дугаар, огноогоор ялган тусгайд нь хийж битүүмжлэн, зориулалтын сейфэнд хадгална.
  3. Шинжилгээний үлдэгдэл дээжийг тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний төлөөлөл өөрсдөө лацдаж битүүмжилнэ. Сейфний түлхүүр лабораторийн эрхлэгчид хадгалагдах бөгөөд сейфийг улсын байцаагч, лабораторийн эрхлэгч хамтран лацдана. Сейфний нөөц түлхүүрийг Улсын ахлах байцаагч хадгална.
  4. Дээжийг хүлээлцэх журналыг лабораторийн эрхлэгч хөтөлж, аж ахуйн нэгж, байгуулага тус бүрээр нь ялган бие даасан хуудсанд бүртгэнэ.
  5. Монголбанк, арилжааны банкинд тушаагдах алтан гулдмайг сорьцын хяналтын хэлтэст гулдмай тус бүрээр нь тусгай уут, саванд хийж битүүмжилж лацдана.
  6. Монголбанк, арилжааны банкууд Сорьцын хяналтын хэлтэст битүүмжлэн лацадсан алтан гулдмайн лацны тэмдэг, сорьц тогтоосон акт, хайлалтын актын жинг тулган, шалгаж хүлээн авна.
  7. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн алтан гулдмайг Монгол банк экспортод гаргаж цэвэршүүлэн холбогдох тооцоогоо дуусгаж шинжилгээний үр дүнгийн талаар ямар нэгэн маргаангүй нь батлагдсан талаар Монгол банкнаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу дээжийг эргүүлэн олгоно.
  8. Алтны шинжилгээний үлдэгдэл дээжийг улсын байцаагчийн хяналтын дор тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөгч, лабораторийн эрхлэгч нар хүлээлцэнэ.
  9. Алтан гулдмайн дээжийн хадгалалт, хамгаалалт, хүлээлцсэн байдалд Улсын ерөнхий байцаагч болон ахлах байцаагч давхар хяналт тавина.
  10. Монголбанк, арилжааны банкуудад Сорьцын хяналтын хэлтэст битүүмжлэн лацдаагүй алтан гулдмайг хүлээн авсан, түүнээс үүдэж сорьцын зөрүү гарсан тухай хариуцлагыг Сорьцын хяналтын хэлтэс хүлээхгүй.

Гурав. Бусад

3.1 Шинжилгээний үлдэгдэл дээжийг Сорьцын хяналтын газарт хадгалах, хамгаалах, хүлээлцэх явцад гарсан аливаа маргаантай асуудлыг хоёр тал харилцан тохиролцож чадахгүйд хүрвэл холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

3.2  Шаардлагатай үед тусгай хамгаалалт авч ажиллуулж болно.

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он